Умард Солонгосын цөмийн туршилтын бүс нутгаас Өмнөд Солонгост ирсэн дүрвэгчдийн 25 хувьд хромосомын мутац илэрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын талбайн ойр орчмын бүс нутгаас дүрвэж ирсэн хүмүүсийн 25 хувьд хромосомын мутац илэрсэн тухай Өмнөд Солонгосын судлаачид Даваа гарагт мэдээлжээ.

Солонгосын Радиологи, Анагаах Ухааны Хүрээлэн 2024 онд Пунге-ри дэх цөмийн туршилтын талбайг тойрсон найман бүс нутгаас ирсэн 35 дүрвэгчийн биеэс цацраг идэвхт бодисын нөлөөг шинжилсэн юм байна.

Ингэхэд тэдний 12-т буюу 34 хувьд хромосомын мутац илэрчээ.

Умард Солонгосын Килжү мужийн нутагт оршдог Пунге-рид 2006 оноос хойш зургаан удаа цөмийн зэвсэг туршиж байсан юм.

Өнгөрсөн онд мөн бүс нутгаас дүрвэж ирсэн 59 хүний биеийг нэмж судлахад 15 нь хромосомын мутацтай гарчээ.

Ингэснээр 2023-2025 онуудад явуулсан судалгаанд хамрагдсан нийт 174 дүрвэгчийн 44 хүн буюу 25 хувьд ийм шинж тэмдэг илэрсэн байна.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн бие дэх цацраг идэвхийн нөлөөг үнэлэхийн тулд тэдний хромосомын өөрчлөлтийн түвшнийг хэмждэг ажээ.

Гэхдээ хамрагдсан хүмүүсээс одоогоор хорт хавдар оношлогдоогүй, бас уг мутац нь цөмийн туршилтын шууд нөлөө байсан эсэхийг эцэслэн батлаагүй байна.

Шинжилгээг Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам 2023 онд эхлүүлж байжээ.

Одоогоор Өмнөд Солонгос улсад Умард Солонгосын Пунге-ри  орчмын найман бүс нутгаас дүрвэж ирсэн 800 орчим хүн амьдардаг юм байна.

Өмнөх ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засгийн газар уг төслийн цар хүрээг багасгаж, үр дүнг нь олон нийтээс нууцалж байжээ.

Солонгосын Радиологи, Анагаах Ухааны Хүрээлэнгийн судлаачид хромосомын мутацыг цөмийн зэвсгийн туршилттай холбон тайлбарлах нь “үндэслэлтэй” гэж дүгнээд төслийг цааш үргэлжлүүлэх шаардлагатайг тайландаа онцолсон байна.

 

Эх сурвалж: Yonhap News