Б.Бямбасайхан: Барилга барих гэж буй компани 84 дүгээр сургуулийн орчмын ус зайлуулах шугам хоолойг тастсаныг дахин угсарч байна

Д.Янжиндулам, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлийн шинээр 12 байршилд нийт 20 гаруй километр борооны ус зайлуулах шугам угсрах бол гурван байршилд 4 километр шугамын угсралтын ажлыг он дамжуулан үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болоод буй.

Борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг энэ сарын 21-нээс эхлүүлжээ.

Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "Энэ жилийн хамгийн эхний ажил болох үерийн далангийн ил сувгийг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн байгаа.

Дараагийн ажил буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 84 дүгээр сургуулийн урд талаас шугам угсрах ажлыг эхлүүллээ. Тус сургуулийн урд талын ус зайлуулах шугам хоолойг тастсан зөрчлийг хэвийн болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн зуны борооноор 84 дүгээр сургуулийн орчим, Натур худалдааны төвийн хойд талын байрнууд дунд автомашин усанд хөвсөн тохиолдол гарсан. Үүнийг шалгахад барилга барих гэж байгаа компани ус зайлуулах шугамтай газрыг авч, тастсан зөрчил илэрсэн юм. Уг шугамыг хэвийн болгож, гарсан зардлыг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. Зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

Үерийн далан, авто замын борооны ус зайлуулах шугамыг гэмтээхгүй байхыг иргэд, ААН, байгууллагуудад уриалъя" гэж мэдээллээ.

Энэ жил борооны ус зайлуулах шугамыг 12 байршилд шинээр угсрахад нийт ₮26.5 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд энэ онд ₮12.6 тэрбумыг зарцуулах бол хамгийн өндөр өртөгтэй нь Найрамдал зуслан, 22-ын товчооны замынх байна.

Харин замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт, засварт ₮1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.