Т.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг
2.3 их наяд төгрөгийн өртгөөр баригдах Туулын хурдны зам төслийн талаар олон нийтийн сүлжээнд ихээхэн маргаан өрнөж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь ХҮН намын зөвлөл өчигдөр (2026.03.23) холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ажлын хэсэг байгуулахаар болсон.
Өчигдрийн уулзалтын дараа Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уг төслийн талаар тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ төслийн 7.2 км нь зургаан эгнээ гүүрэн байгууламж байна. Олимпын гүүр дөрвөн эгнээтэй 1 км-ийн өртөг нь 120 тэрбум төгрөгөөс дээш байгаа. Тэгэхээр Туулын хурдны зам урт учраас одоо байгаа өртгөөрөө хийнэ. Үнэтэй өртөг биш, Монгол Улсын төсөвчид бодсон.
Одоо байгаа манай асфальтан замууд 10 см хүртэлх хоёр давхаргатай байдаг. Бид Туулын хурдны замыг 18 см хүртэлх гурван үе давхаргатай, Азийн хурдны замын стандартаар төлөвлөж байгаа. Дээрээс нь 160 км/ц хүрэх боломжтой гэрлэн дохиогүй, уулзваргүй хурдны зам.
Олон улсад яг ийм замыг ашигладаг. Би ОХУ-ын Санкт-Петербург хотод зургаан жил амьдарч бакалавраа хамгаалсан. Австралийн Брисбэн хотод гурван жил амьдарч магистраа хийсэн. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг. Хүн төрөлхтөн хот үүсгэхийн тулд голоо дагаж амьдардаг. Ялангуяа хурдны замуудыг голоо дагаад хийдэг жишигтэй.
Туулын хурдны замын төсөв, өртөг бага мөнгөөр батлагдсан. Дэлхийн нийтэд үнийн өсөлт болбол эрсдэлтэй гэж харж байгаа. Энэ бол ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш.
Улаанбаатар хотын усны нөөцөд яагаад ч нөлөөлөхгүй. Бургас голын татанга эргийг дагаж ургадаг ургамал. Сэлбэ, Туул голын түвшин 1950 онд маш доор байж байгаад 1968 оны үерээр уулаас их хэмжээний лаг шавартай ирж тогтсон.
Бүх эрдэмтэдтэй зөвлөж байгаа. Усны зөвлөх инженер Ш.Баранчулуун энэ төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Би дэд бүтцийн салбарт 17 жил ажиллаж байгаа. Улаанбаатар хотын ундны эх үүсвэртэй Туулын хурдны зам ямар ч хамааралгүй. Энэ талаар гарч байгаа тоо баримт дээр ямар ч эрдэмтэн мэргэдтэй мэтгэлцэхэд бэлэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
