А.Отгонбаатар: Ирэх сарын 14-нд бүх ард түмний хаврын чуулганыг зохиож, сүүдрийн Засгийн газар байгуулна
Үнэн ба Зөв нам хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” талаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус намын зүгээс төрийн бодлого ямар ч үед гацах ёсгүй учраас дөрөвдүгээр сарын 14-ний өдөр бүх ард түмний хаврын чуулганыг зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар "Монгол Улсын парламент сөрөг хүчинтэй, эрх баригчтай байх ёстой. Гэтэл 2024 оны сонгуулиар сонгогдсон парламент нэг талдаа гарсан хөнжилдөө ороод тэврэлдсэн. Хоорондоо гагцхүү албан тушаал эрх мэдлийн төлөө хоорондоо маргалддаг. Ард түмний асуудал, авлигыг хэрхэн шийдэх талаар хэзээ ч маргадаггүй.
Ардчилсан парламентын засаглалтай оронд сүүдрийн Засгийн газар гэж байдаг. Парламент дотроо сүүдрийн Засгийн газар гараад, Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг шүүмжилж, алдаа дутагдлыг илрүүлж ажиллах ёстой. Гэтэл Монголын улс төр хэт уйтгартай, нэг тал давамгайлсан улс төрийн удирдлагатай машин утсан хүүхэлдэй болж хувирсан. Сүүлийн 30 жил МАН, АН-аас өөр нам улс төрийн үзэл санаа илэрхийлбэл аль нэгэн рүүгээ наадаг явдал хэрээс хэтэрсэн.
Тиймээс дөрөвдүгээр сарын 14-ний хаврын чуулган Төрийн ордонд хуралдаж чадахгүй байвал Монголын бүх ард түмэн морин цаг хуралдаж асуудлыг ярилцана. Нэгт сүүдрийн Засгийн газар байгуулах асуудлыг ард түмнээрээ хэлэлцэнэ. Хэрэв дэмжигдэж байгуулж ажиллавал хэмнэлт гэдэг зүйлийг яаж хэрэгжүүлж болох вэ гэдгийг үлгэрчилж харуулна. 2012-2016 онд Ардчилсан Нам төр барьж байх үед МАН сүүдрийн танхим нэртэй юм эхлүүлээд замхарсан. Үүнээс хойш сүүдрийнх байтугай шүүмжилдэг дарга ч үгүй болсон байна.
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилж байна гэж сүр дуулиантай ярьсан. Одоо энэ хууль мартагдлаа. Парламентын гишүүдэд хариуцлага тооцохгүй хэвээрээ үлдэх юм уу. Гурван шатны шүүхээс ял авсан хүн УИХ-ын гишүүн болоод явж байна.
Өчигдрийн мэдээллээр Хууль зүйн сайд Б.Энхбаяр бусдаас 1.3 сая ам.долларын мөнгө авсан гэдэг баримт яригдаж байна. Хууль зүйн сайд нь хулгайч байхаар энэ улсад бүх хүн хулгайч болно.
Үнэн ба Зөв нам Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлдэж байгаа. Хаврын чуулганаар ард түмнээр хэлэлцүүлнэ. Бид мөнгөгүй сонгуулийг 2024 онд хийсэн. МАН, АН хуйвалдаагүй бол бид өнөөдөр парламентад хоёр суудалтай байх байсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
