“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг шалгаруулж, эцэслэн баталжээ
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн дөрөвдүгээр хурал өчигдөр /2026.03.23/ болжээ.
Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, уриа, бэлгэдлийн загварыг эцэслэн батлах, Морин парад зохион байгуулах маршрут, хөтөлбөр, төсөв, Олон улсын морин уралдаан зохион байгуулах зам, маршрут, Олон улсын морин уралдааны журмын төсөл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирэх сэлгэх ажлын болон бусад асуудлын талаар хэлэлцсэн байна.
Энэ үеэр “Дэлхийн адууны өдөр-2026” олон улсын арга хэмжээний лого бүтээх уралдаанд нийт 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар Уран барималч А.Очирболдын "Тэнгэрийн хүлэг" бүтээл шалгарчээ.
Тус баримлыг Монгол Улсын Төрийн сүлднээс санаа авч бүтээсэн бөгөөд морийг далавчтайгаар дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
