Тереза Касаева: Сүрьеэ зөвхөн бактериас үүдэлтэй өвчин биш. Харин тэгш бус байдлаас үүсдэг
“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хэвлэлийн бага хурлыг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа.
Өнгөрсөн онд Монгол Улсад 2,851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас барсан байна. Батлагдсан тохиолдлын
- 165 нь хүүхдийн сүрьеэ,
- 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ байсныг албаныхан мэдээлэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Сүрьеэгийн эсрэг тэмцлийн гол түлхүүр нь эрт илрүүлэг, шуурхай оношилгоо, бүрэн эмчилгээ юм. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал сүрьеэг дийлэхэд хол, хэцүү зүйл биш ээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад бодит ахиц гарсан. Улсын хэмжээнд 78 байгууллагад молекул оношилгоо нэвтрүүлж, хиймэл оюунд суурилсан дижитал рентген оношилгоо ашиглаж эхэллээ.
Сүрьеэгийн эмчилгээний хугацаа өмнөх хоёр жилээс 6-12 сар хүртэл богиноссон. Энэ бол зөвхөн технологийн шинэчлэл биш. Энэ бол хүний амь насыг аварч буй бодит өөрчлөлт юм. Гэвч бидэнд шийдвэрлэх шаардлагатай сорилтууд бий.
Эмзэг, орлого багатай бүлэгт сүрьеэ илүү тархаж байна. Зарим тохиолдолд оношлогдсон ч эмчилгээнд бүрэн хамрагдахгүй байна. Түүнчлэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэх хандлагатай байгаа.
14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байгаа бол заавал шинжилгээ өгөөрэй. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлье" гэлээ.
ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева "Дэлхий дахинаа өдөр бүр 30,000 орчим хүн өвчилж, 3,300 гаруй хүн сүрьеэгийн улмаас амиа алдаж байна. Гэтэл сүрьеэ нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой өвчин юм.
Эерэг талаас харвал 2000 оноос хойш дэлхий дахинаа гаргасан хүчин чармайлтын үр дүнд 83 сая хүний амийг аварсан билээ.
Дэлхийн сүрьеэтэй тэмцэх энэ өдөр ДЭМБ таван чиглэлээр арга хэмжээ авахыг уриалж байна. Нэгдүгээрт сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулах нь үндэсний хэмжээнд нэн тэргүүнд тавих ухаалаг шийдэл юм.
Мөн хүн төвтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал. Сүрьеэгийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй хямд төсөр, гадуурхалгүй байх ёстой. Үүний тулд Монгол Улсад сүрьеэгийн тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээнд нэгтгэж, алслагдсан захын хороололд амьдарч байгаа эсвэл үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд ойртуулах хэрэгтэй.
Сүрьеэ зөвхөн бактериас үүдэлтэй өвчин биш юм аа. Харин тэгш бус байдлаас үүсдэг өвчин.
Хүн амын хэт нягтаршил, хоол тэжээлийн дутагдал, архидалт, тамхидалт, эдийн засгийн эмзэг байдал халдварыг улам даамжруулдаг. Сүрьеэг устгахын тулд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр салбар дундын зохицуулалт шаардлагатай" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




