"The MongolZ" баг 1.1 сая ам.долларын шагналын сантай BLAST Open Rotterdam-2026 тэмцээний хасагдах шатанд шалгарлаа
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын 1.1 сая ам.долларын шагналын сантай нэгдүгээр зэрэглэлийн "BLAST Open Rotterdam 2026" тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа.
Дэлхийн шилдэг 16 баг А болон В хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Украины "Natus Vincere", Францын "Team Vitality", манай улсын "The MongolZ", ОХУ-ын "PARIVISION", Саудын Арабын "Team Falcons", Туркийн "Aurora Gaming" багууд Playoffs буюу хасагдах шатны эрх авлаа.
Манай улсын "The MongolZ" баг В хэсгээс хасагдах шатанд шалгарахын төлөө ОХУ-ын "Team Spirit"-ийн эсрэг өнөө өглөө тоглож, 2:0 тооны харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод манай баг өөрсдийн сонгосон "Nuke map" дээр 13:11, эсрэг багийн сонгосон "Overpass map" дээр 13:9 онооны харьцаатай хожсон.
Ийнхүү хасагдах шатанд Туркийн "Aurora Gaming" багийн эсрэг энэ Баасан гарагийн 22:00 цагт тоглохоор оноолт таарлаа. Энэ хоёр баг томоохон тэмцээний хүрээнд нийт 12 удаа учраа таарч тоглоход "The MongolZ" баг өрсөлдөгчөө есөн удаа буулган авч байжээ. "The MongolZ" баг Баасан гарагийн тоглолтод хожвол шөвгийн дөрөвт Францын "Team Vitality"-ийн эсрэг тоглохоор байгаа юм.
"BLAST Open Rotterdam 2026" тэмцээний хасагдах шатны тоглолтууд Нидерландын Роттердам хотын 16 мянган хүний суудалтай "Ahoy Arena"-д энэ сарын 27-29-ний хооронд зохион байгуулагдана. Түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал авах бол дэд байр шалгарсан баг 160,000 ам.доллар хүртэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
