Уншиж байна ...

Энэтхэг улс Оросын газрын тосыг авахаа зогсоохоор амласны дараа Путин эрчим хүчний асуудлаар Ши Жиньпинтэй ярилцав

Т.Давааням, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин видео холбоогоор Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй ярилцжээ.

Тэдний ярианы гол сэдэв хоёр улсын эрчим хүчний худалдаа байсан байна.

Үүнээс хоёр хоногийн өмнө Энэтхэг улс Оросын газрын тосыг худалдаж авахаа зогсоох амлалт өгснийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлаж байв. Үүний хариуд тэр Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдуулаад байсан импортын өндөр татвараа цуцалж байгааг мэдэгдсэн.

Путин өчигдөр ярихдаа Хятад улстай тогтоосон эрчим хүчний түншлэлийг “стратегийн” хэмээн тодорхойлж, тус улс Украинд дайн эхэлсэн цагаас хойш Оросын газрын тос, байгалийн хийн гол худалдан авагч байсаар ирснийг онцолжээ.

Дайн эхэлснээс хойш Хятад улс нийтдээ $230 гаруй тэрбумын эрчим хүчний бүтээгдэхүүн Оросоос худалдаж авсан гэх тооцоо бий.

Өнгөрсөн онд хоёр талын худалдаа “бага зэрэг буурсан” нь “индикаторуудын залруулга”-тай холбоотой байсан боловч Орос улс Хятадын эрчим хүчний тэргүүлэх нийлүүлэгч хэвээр байсныг Путин онцолсон байна.

Тэрбээр бас Москва “дэлхийн болон бүс нутгийн асуудлаар нягт уялдаа холбоо”-гоо хадгалж ажиллахад бэлэн байгааг Ши Жиньпинд илэрхийлжээ.

Өнгөрсөн хугацаанд Оросын эрчим хүчний хоёр дахь том худалдан авагч Энэтхэг улс байсан.

Блүүмбэргийн мэдээлснээр нэгдүгээр сард тус улс Оросоос өдөрт 1.1 сая баррель газрын тос авсан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын хэмжээнээс 700,000 баррелиар, 2025 оны нэгдүгээр сарын хэмжээнээс 400,000 баррелиар буурсан үзүүлэлт гэнэ.

Харин Хятад улсын газрын тосны импорт өнгөрсөн сард өдөрт 1.6 сая баррель хүрчээ.

2024 оны долдугаар сард өдөрт 1.7 сая баррель хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байсан байна.

Одоо Оросын газрын тос Энэтхэгийн боомтууд дээр маш их хөнгөлөлттэй үнээр буюу баррель тутам нь $25 орчмоор зарагдаж байгаа гэнэ.

Энэ нь Брент ангиллын түүхий газрын тосны талд ч хүрэхгүй үнэ юм.

Kpler компанийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ оны эхний улиралд Энэтхэг улс Оросын газрын тосны худалдан авалтаа шууд зогсоож чадахгүй, өмнө нь байгуулагдсан гэрээнүүдийнхээ дагуу өдөрт 1.1-ээс 1.3 сая баррель орчмыг авсан хэвээр байх гэнэ.

 

Эх сурвалж: Reuters