Испани улсын эрх баригчид 16 хүртэл насны хүүхдүүдэд сошиал медиа хэрэглээг хориглохоор болжээ.
Ингэснээр тус улс ийм арга хэмжээ авсан Австрали, Франц, Дани улсуудтай нэгдэж байна.
“Бидний хүүхдүүд хэзээ ч ганцаараа аялах ёсгүй орон зайд нэвтрээд байна. Энэ бол донтолт, хүчирхийлэл, порнограф, залилан мэхлэлтийн орон зай юм. Бид үүнийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Бид хүүхдүүдээ дижитал Зэрлэг Өрнөдөөс хамгаалах болно” гэж Испанийн ерөнхий сайд Педро Санчес өчигдөр Дубай хотод болж буй “World Governments Summit” арга хэмжээнд үг хэлэхдээ мэдэгджээ.
Мөн тус улс хууль бус, үзэн ядалт, хор хөнөөлтэй контентыг устгаагүй тохиолдолд тухайн сошиал медиа компанийн гүйцэтгэх удирдлагад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ хуулийг батлах гэж байгааг мэдээлсэн байна.
Шинэ хуулийг батлах үйл явц ирэх долоо хоногт эхлэх гэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Австрали улс 16 хүртэл насны хүүхдүүдэд Фэйсбүүк, ТикТок, Инстаграм, Снапчат, Х зэрэг 10 сошиал платформын хэрэглээг хориглосон дэлхийн анхны улс болсон юм.
Франц, Дани улсууд саяхан 15 хүртэл насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох төлөвлөгөөгөө зарласан бол Их Британи улс ижил арга хэмжээ авах боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн сард ярихдаа ирэх есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хууль эрх зүйн орчныг бүрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!