Уншиж байна ...

"Sinners" Оскарын 16 төрөлд нэр дэвшсэнээр рекорд тогтоов

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өнөөдөр 11 цаг 36 минут
IKON.MN
Зураг зураг

98 дахь удаагийн Оскарын наадам орон нутгийн цагаар гуравдугаар сарын 15-ны Ням гарагт болно.

Найруулагч Райан Куглерийн сүүлийн бүтээл "Sinners" 16 төрөлд нэр дэвшсэнээр рекорд тогтоов. Майкл Б.Жорданы гол дүр бүтээсэн уг киноноос өмнө All About Eve (1950), Titanic (1997), La La Land (2016) зэрэг кино 14 төрөлд өрсөлдсөнөөрөө дээд амжилт тогтоосон түүхтэй.

Сонирхуулахад 1959 онд бүтээгдсэн Ben-Hur, 1997 оны Titanic, 2003 онд The Lord of the Rings: The Return of the King кино 11 оскар авснаар рекорд эзэмшиж буй. Тэгвэл 1932 оны үйл явдлыг харуулсан "Sinners" хэдэн "алтан хүн" гардах нь олны анхаарлыг татаж байна.

Тус киноны хувцас загвар дээр ажилласан Рют Картер оскарт тав дахь удаагаа нэр дэвшсэнээр өнгөт арьст эмэгтэйчүүдээс хамгийн олон өрсөлдсөн хүн боллоо.

Найруулагч Пол Томас Андерсоны бүтээл "One Battle After Another" 13 төрөлд өрсөлдөх аж. Тэрбээр өмнө нь 11 удаа өрсөлдөөд нэг ч удаа авч байгаагүй бол энэ жил шилдэг кино, найруулагч, шилдэг эх зохиол төрөлд нэр дэвшжээ.

Гол дүр бүтээсэн Леонардо ДиКаприо найм дахь удаагаа оскарт нэр дэвшиж байна. 1994 онд "What's Eating Gilbert Grape" кинонд бүтээсэн туслах дүрээрээ шилдэгт өрсөлдөж байсан тэрбээр 2016 онд л санасандаа хүрсэн билээ.

Эрэгтэй гол дүрд ширээний теннисчин эрийн бодит түүхийг дэлгэцнээ мөнхөлсөн Тимоти Шаламе өрсөлдөж буй. Өнгөрсөн сард 30 нас хүрсэн Т.Шаламе хоёр жил дараалан шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшиж байна. Тэрбээр энэ жил зорилгодоо хүрвэл хамгийн залуу оскар авсан эрэгтэй жүжигчний жагсаалтад хоёрдугаарт бичигдэх боломжтой.

 

Эх сурвалж: The Guardian