Даваа гарагийн орой Болгар улсын нийслэл Софи болон өөр олон хотод ирэх оны төсвийн төслийг эсэргүүцсэн иргэдийн томоохон жагсаал зохион байгуулагдсан юм.
Үүний үр дүнд эрх баригчид өчигдөр 2026 оны төсвийн төслөө буцаан татаж байгааг зарлажээ. Мөн татвар нэмэх төлөвлөгөөгөө цуцалсныг энэ үеэр мэдэгдсэн юм.
Эрх баригчдын “авлигыг нуун дарагдуулсан” гэсэн гол үндэслэлээр иргэд ирэх оны төсвийг эсэргүүцсэн юм байна.
Даваа гарагийн орой нүүрэндээ баг зүүсэн жагсагчид эрх баригч Герб намын Софи хот дахь төв байранд халдсаны улмаас цагдаагийн хүчтэй мөргөлджээ.
Өнгөрсөн долоо хоногт засгийн газар төсвийн төслөө өргөн барихад бас эсэргүүцлийн жагсаал өрнөж байв.
Болгар улс ирэх оноос евро бүсэд нэгдэж байгаа тул 2026 оны төсөв анх удаа еврогоор батлагдах гэж байгаа юм.
Еврод шилжих асуудал ч иргэдийн дунд маргаантай байгаа. Ингэвэл Европын Холбооны хамгийн ядуу гишүүн орнуудын нэг гэдэг утгаараа Болгарт инфляц огцом өсөж болзошгүй гэсэн айдас зарим хүмүүсийн дунд үүсээд байна.
Иргэд 2020 онд Герб намын тэргүүлсэн бас нэг засгийн газрыг унагаснаас хойш Болгарт эсэргүүцлийн жагсаал байнга гарч, авлигатай холбогдсон засгийн газрууд ойр ойрхон солигддог болсон.
Даваа гарагийн жагсаал сүүлийн хэдэн жилд гараагүй том эсэргүүцлийн арга хэмжээнд тооцогдож байна.
“Бид ирээдүйнхээ төлөө энд жагсаж байна. Бид авлига, мафийн засаглалгүй Европын улс байхыг хүсэж байна” гэж жагсаалд оролцогчдын нэг 21 настай оюутан Вентислава Василева хэвлэлд ярьсан байна.
Жагсагчид улс төрийн намын байранд халдах үеэр 70 гаруй хүн баривчлагдсаныг Болгарын дотоод хэргийн сайд Любомир Николов өчигдөр мэдээлжээ.
Даваа гарагийн орой Болгарын ерөнхийлөгч Румен Радев иргэд, цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөнийг “мафийн өдөөн хатгалга” хэмээн буруушааж, хуулиа дагахыг бүх талуудад уриалж байв.
“Өдөөн хатгалга бодит баримтыг өөрчлөхгүй. Болгарчууд энэ засгийн газарт ҮГҮЙ гэж хэллээ. Цорын ганц арга зам бол засгийн газрыг огцруулж, ээлжит бус сонгууль зарлах юм” гэж ерөнхийлөгч Фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
Болгарын ерөнхийлөгч нь бэлгэдлийн чанартай албан тушаал юм.
Гол эрх мэдэл ерөнхий сайд Росен Желязковт бий. Тэрбээр 2024 оны аравдугаар сард болсон сонгуульд Герб нам олонхын санал авч чадалгүй ялсны дараа 2025 оны нэгдүгээр сард байгуулагдсан эвслийн засгийн газрыг тэргүүлэх болсон юм.
Желязков өчигдөр засгийн газар нь төсвийн төслөө татаж, шинээр боловсруулж эхлэх болсон талаар товч мэдэгдэл гаргажээ.
Харин сөрөг хүчний нам үүнийг хангалтгүй гээд засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!