Италийн тансаг эдлэлийн үйлдвэрлэгч Prada групп өчигдөр Versace брэндийг худалдаж авах үйл явц өндөрлөснийг зарлажээ.
Versace брэндийг АНУ-д бүртгэлтэй Capri Holdings компани эзэмшдэг байсан юм. Өмнө нь Capri уг брэндийг Tapestry компанид зарах гэсэн боловч монополийн эсрэг зах зээлийн зохицуулах байгууллага зөвшөөрөөгүй. Үүний дараа энэ оны дөрөвдүгээр сард Prada тус брэндийг 1.3 тэрбум еврогоор худалдаж авах гэрээг Capri-тай байгуулж байжээ.
Гэрээ байгуулагдсанаас хойш брэндийг Prada-тай нэгтгэх ажил хагас жил орчим хугацаанд үргэлжилсэн нь одоо дуусаж байгаа юм байна.
Prada брэндийг үүсгэн байгуулагч Миучча Прада, Патрицио Бертелли нарын хүү Лоренцо Бертелли өнгөрсөн сард хэвлэлд ярихдаа шилжүүлэх үйл явц дууссаны дараа Versace брэндийн гүйцэтгэх захирлаар ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байжээ.
Энэ үеэр тэр Versace бол Prada-гийн олон жилийн өмнөөс авахыг хүсэж байсан брэнд болохыг хэлсэн байна.
“Цар тахлын үеэр буюу Capri, Tapestry хоёрын наймаанаас ч өмнө бид энэ талаар ярилцаж эхлээд байсан. Монополийн асуудлын улмаас уг наймаа бүтэлгүйтсэний дараа бид яриа хэлэлцээгээ хурдасгасан юм” гэж Лоренцо Бертелли ярьжээ.
Тансаг, зоримог гоо зүйн мэдрэмжээрээ алдартай Versace брэндийг 1978 онд Милан хотод Жанни Версаче үүсгэн байгуулж байв.
Prada одоо өөрийн нэрийн брэндээс гадна жижиг боловч хурдтай өсөж буй Miu Miu брэндийг эзэмшдэг. Эдгээр дээр Versace нэмэгдсэн нь Италийн тансаг эдлэлийн үйлдвэрлэгчийн хувьд стратегийн том шилжилт болж байна.
Худалдан авалт нь санхүүгийн хувьд эрсдэл бага байсан, брэндийн нэр дэлхий дахинд хангалттай сайн танигдсан гэсэн хоёр гол хүчин зүйл Prada-гийн шийдвэрт нөлөөлснийг Лоренцо Бертелли тайлбарлажээ.
Prada худалдан авалтаа зарлахаас хэдхэн долоо хоногийн өмнө, энэ оны гуравдугаар сард бараг 30 жил хашсан Versace брэндийн ерөнхий дизайнерын албан тушаалаас бууж байгааг Жанни Версаче агсны төрсөн дүү Донателла Версаче зарлаж байв.
Түүний ажил үүргийг Miu Miu брэндийн загвар хариуцсан захирал асан Дарио Витале хүлээн авч байжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!