Сингапур улс өнгөрсөн долоо хоногт хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдсэн гурван хүнийг дараалан цаазалжээ.
Ингэснээр энэ онд цаазаар авсан хүний нийт тоо 17 болсон нь 2003 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Сингапур улс нь хар тамхины хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог дэлхийн цөөхөн улсуудын нэг юм.
Тус улсын хуулиар 15 граммаас дээш диаморфин, 30 граммаас дээш кокаин, 250 граммаас дээш метамфетамин, 500 граммаас дээш каннабис зарсан, өгсөн, тээвэрлэсэн, хэрэглэсэн ямар ч хүнд цаазын ял оноодог.
Энэ долоо хоногт хар тамхины цаазын ял үндсэн хуульд заасан амьдрах эрх, хуулиар тэгш хамгаалуулах эрхийг зөрчиж байгаа эсэх асуудлаар үүсгэсэн маргааныг Сингапурын дээд шүүх хэлэлцэх гэж байгаа.
Уг асуудлыг цаазын ялыг эсэргүүцэх “Transformative Justice Collective” хөдөлгөөний долоон идэвхтэн санаачилсан юм.
Гэвч Сингапурын засгийн газар цаазын ялыг халах нь илүү аймшигтай үр дүнд хүргэж болзошгүй гэж үзсэн хэвээр байна.
Тухайлбал хар тамхийг дагаад илүү ноцтой гэмт хэрэг, хүчирхийлэл, нас баралт нэмэгдэх аюултайг тус улсын дотоод хэргийн сайд К. Шанмугам энэ оны эхээр мэдэгдэж байжээ.
“Бодлого боловсруулагчдын хувьд бид хувийн мэдрэмжээ хойш тавьж, хүн амын олонхыг аюулаас хамгаалахад шаардлагатай бүгдийг хийдэг. Сингапурт олон гэм зэмгүй хүмүүсийг үхэлд хүргэх алхмыг бид хийж зүрхлэхгүй” гэж тэр нэгдүгээр сард сошиал хуудсаараа мэдэгдэж байв.
Өнгөрсөн Лхагва, Пүрэв гарагуудад тус улсын эрх баригчид гурван хүнийг дараалан цаазалсан байна.
Тэдний дунд 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний шөнө Малайзаас Сингапурт 301.6 грамм диаморфин хүргээд баригдсан ачааны автомашины жолооч Саминатан Селваражу байжээ.
Малайзын иргэн тэрбээр ямар ачаа тээвэрлэж явснаа мэдээгүй гэж өөрийгөө хамгаалан удаан хугацаанд тэмцэж байсан ч Пүрэв гарагт дүүжлүүлсэн байна.
Саминатан болон өөр гурван хоригдол өнгөрсөн есдүгээр сард Сингапурын ерөнхийлөгчөөс өршөөл гуйсан ч хүлээж аваагүй юм.
Сингапурын шүүх цаазын ялыг хүн амины хэрэг, хүн хулгайлах хэрэгт бас оноодог ч хар тамхитай холбоотой ял хамгийн их шүүмжлэл дагуулдаг.
Гэвч Сингапурын засгийн газар цаазын ял тус хот улсыг дэлхийн хамгийн аюулгүй, тайван газар болгож буйг баталдаг юм.
2023 онд тус улсын дотоод хэргийн яам 2,000 иргэн, байнга оршин суугчдын дунд санал асуулга явуулахад 69 хувь нь хар тамхины гэмт хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ оноохыг дэмжиж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!