Трамп сайн дураар Венесуэлээс явах нөхцөлийг Мадурод тулгасан тухай эх сурвалж мэдээлжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярихдаа сайн дураар эрх мэдлээсээ татгалзаж, эх орноосоо явах нөхцөл тулгасныг эх сурвалж мэдээлжээ.
Ням гарагт Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Мадуротой утсаар ярьснаа баталсан ч “Энэ яриа сайн, эсвэл муу болсон гэж хэлэхгүй. Ямартай ч утсаар ярьсан” хэмээн илүү дэлгэрүүлэхээс татгалзсан юм.
Трамп, Мадуро нарыг арваннэгдүгээр сарын 21-нд ярилцсан гэсэн мэдээлэл байна.
Ярианы агуулгыг Цагаан ордон нууцалж байгаа ч нэрээ нууцалсан албаны нэг эх сурвалж Майами Херальд сонинд Трампын тулган шаардалтын талаар ярьжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Та өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ аварч чадна. Гэхдээ та одоо улс орноосоо явах ёстой” гэж Трамп хэлээд Мадуро болон түүний эхнэр, хүүхдүүдэд эх орноосоо гарах “аюулгүй зам” санал болгосон гэнэ.
Гэвч Венесуэлийн ерөнхийлөгч шууд огцрохоос татгалзаж, олон улсын шүүхийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, улс төрийн эрх мэдлээ шилжүүлсэн ч зэвсэгт хүчнийг хяналтдаа үлдээх зэрэг хэд хэдэн сөрөг санал тавьжээ.
Бямба гарагт Венесуэлийн агаарын орон зайг бүхэлд нь хааж байгаагаа Трамп зарласан. Тэгвэл үүний дараа Мадуро дахин ярилцах санал тавьсан ч АНУ-ын тал хариу өгөөгүйг эх сурвалж баталж байна.
Трамп, Мадуро нарын эхний яриа Бразил, Катар, Турк улсуудын зуучлалын үр дүнд болсон гэнэ.
Өчигдөр буюу Даваа гарагт Мадуро олон мянган дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Венесуэл улс “боолын эрх чөлөөг” хүсэхгүй байгааг мэдэгджээ.
“Бид энхийг хүсэж байна. Гэхдээ тусгаар тогтносон, тэгш эрхтэй, эрх чөлөөтэй энх тайвныг. Бидэнд боолын, колонийн энх тайван хэрэггүй” гэж тэр Каракас хотод болсон арга хэмжээний үеэр хэлсэн байна.
Ням гарагт Венесуэлийн төв хэвлэл ОПЕК байгууллагад Мадурогийн бичсэн захиаг нийтэлсэн юм.
Уг захиандаа Мадуро АНУ-ыг “дэлхийн хамгийн том газрын тосны нөөцийг цэрэг зэвсгийн хүчээр булаан эзэмших гэж байна” хэмээн буруутгажээ.
Саяхан хөрш Колумб улсын ерөнхийлөгч Густаво Петро өөрийн Картагена хотод Мадурогийн дэглэм болон Венесуэлийн сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ зохион байгуулах санал тавьсан нь нөхцөл байдлыг хямралаас гаргах гэсэн бас нэг оролдлого байлаа.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
