Турк улсын хамгийн том хот Истанбулын прокурорын газар тус хотын дарга Экрем Имамоглуг нийт 828-2,352 жилийн хорих ялтай 142 төрлийн гэмт хэрэгт буруутгажээ.
Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч гэгддэг Имамоглу энэ оны гуравдугаар сараас хойш хоригдож байгаа юм.
Түүний харьяалагддаг сөрөг хүчний Ардын Бүгд Найрамдах Нам дээрх ялыг Эрдоганы улс төрийн өс хонзон гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Истанбулын прокурорын газар авлигын хэрэгт нийт 401 хүнийг шалгаж байгаа ба Имамоглуг уг авлигын сүлжээний “үүсгэн байгуулагч, удирдагч” хэмээн цоллож байна.
Тэдний Турк улсад учруулсан хохирлын хэмжээг 160 тэрбум лир ($3.8 тэрбум) гэж тооцоолсноо прокурор Акин Гурлек өчигдөр мэдээлжээ.
Хэрвээ Имамоглуг прокурорын тулгасан бүх гэмт хэрэгт буруутай гэж шүүх дүгнэвэл нийтдээ 2,430 жилийн хорих ял сонсож болзошгүйг Анадолу агентлаг тооцоолсон байна.
Олны дунд нэр хүндтэй хотын даргыг гуравдугаар сард баривчлахад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, цагдаа нар олон зуун хүнийг баривчилж байв.
Авлигын хэргээс гадна Имамоглуг тагнуулын үйл ажиллагаа явуулсан, их сургуулийн диплом хуурамчаар үйлдсэн зэрэг хэрэгт буруутгажээ.
Үүн дээр үндэслээд түүний дээд боловсролын дипломыг хүчингүй болгосон байна.
Их сургуулийн дипломгүй болсон тул Имамоглу 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших боломжгүй болж байгаа юм.
Ардын Бүгд Найрамдах Намын дарга Өсгүр Өзел өчигдөр сошиал хуудсандаа “Энэ бол улс төрийн зорилготой хэрэг. Өнгөрсөн сонгуульд ялсан манай намын хүчийг сулруулах, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нь хорих зорилготой хэрэг юм” гэж бичжээ.
Тэрбээр өмнө нь парламентын намын бүлгийн хурал дээрээ ерөнхийлөгчийн сонгуульд Имамоглугаас өөр хэн ч нэр дэвшихгүйг мэдэгдэж байв.
Одоо 54 настай Имамоглу 2019 онд Истанбул хотын даргаар анх сонгогдож, 2024 онд дахин сонгогдохдоо эрх баригч намын нэр дэвшигчийг бараг сая орчим саналын илүүгээр ялж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!