Өчигдөр Өмнөд Солонгосын шүүх “Squid Game” цувралын жүжигчин О Ён Сугийн бэлгийн хүчирхийллийн хэргийг хааж, цагаатгах шийдвэр гаргажээ.
Одоо 81 настай тэрбээр 2022 онд нэгэн эмэгтэйд хоёр удаа бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт буруутгагдаж байв.
Тухайлбал тэр хохирогч эмэгтэйг хүчээр тэврээд хацар дээр нь үнссэн хэрэгт буруудаж байжээ.
2024 онд шүүх О Ён Суг гэм буруутай гэж дүгнээд найман сарын тэнсэн харгалзах ял оноосон юм. Тэрбээр уг шийдвэрийг давж заалдаад ийнхүү цагаадаж байна.
Мягмар гарагт шүүх ноён Ог цагаатгахдаа түүнийг бэлгийн хүчирхийллийн талаар мэдлэг олгох сургалтад хамрагдсан, хохирогчоос уучлал гуйсан, хохирогч эмэгтэй олон жилийн өмнө болсон үйл явдлыг ой санамжаасаа сэргээхдээ гажуудуулсан байж болзошгүй гэж тайлбарлажээ.
Дээрх хэрэг 2017 онд ноён Ог орон нутгийн театрт тоглолтоор явах үед гарсан юм байна.
Гэхдээ хохирогч эмэгтэй өчигдрийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, “эцсээ хүртэл үнэнийг ярьсаар байх болно” гэж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Womenlink байгууллагаар дамжуулан мэдэгджээ.
О Ён Су шүүхийг “шударга шийдвэр гаргасанд” талархал илэрхийлсэн байна.
Нэтфликсийн “Squid Game” цувралд тоглосон дүрээрээ О Ён Су олон улсын хэмжээнд алдаршсан юм. 2022 онд тэр Алтан Бөмбөрцөг наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын анхны уран бүтээлч болж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!