Нийслэл хотод цэцэрлэгийн шинэ барилгыг улсын комисс хүлээж авчээ.
НБГ-аас мэдээлснээр Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 240 ортой, барилга нь тэнхлэгээрээ 47.0м x 24.0м хэмжээтэй, хагас зоорьтой, хоёр давхар, нийт 2,857 м.кв талбай бүхий барилга бөгөөд бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрджээ.
Барилгын ажлыг Арвин Өргөө Констракшн компани гүйцэтгэсэн байна.
Нийслэл хотын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан урьдчилсан байдлаар нийт 14 мянган хүүхдийн суудалтай 20 гаруй сургууль, 7,500 ортой 40 гаруй цэцэрлэг, 3,640 хүүхдийн багтаамжтай 10 гаруй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар төлөвлөжээ.
Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!