Улсын Онцгой Комиссын (УОК) хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уурын төлөв байдал, мал аж ахуйн салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.
Монгол орны нийт нутгийн 46 хувь нь гантай болон гандуу, үлдсэн 54 хувь нь хэвийн зуншлагатай байлаа. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн боловсруулсан зудын эрсдэлийн зураглалаар 54 хувь бага, 21 хувь нь дунд, 25 хувь нь их эрсдэлтэй байх төлөвтэй байна.
2025-2026 оны өвөл, хаврын улиралд улсын хэмжээнд 1,656 багийн 213.3 мянган малчин өрх нийт 65.7 сая толгой мал өвөлжиж, хаваржина. Үүнээс 17.5 мянган малчин өрхийн зургаан сая толгой мал отроор өвөлжиж, хаваржихаар зохион байгуулалт хийгдэж байгааг онцоллоо.
Хилийн зурвас болон тусгай хамгаалалттай газрын ашиглалт 11 аймгийн 33 сумын хил орчмын газарт 427 малчин өрхийн 315.7 мянган мал өвөлжүүлж, хаваржуулах боломжтой гэж урьдчилсан тооцоолол гарчээ. Гэвч аймаг, сумдаас 2,577 малчин өрхийн 1.1 сая толгой мал хилийн зурвас газарт өвөлжиж, хаваржих хүсэлт ирүүлсэн тул тус бүс нутгийн ашиглалтын хүрээг дахин тодотгож, боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Монгол Улс 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй байгаагаас 59 аж ахуйн нэгж нийт 211.2 сая ам.долларын үнэ бүхий 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон талаар танилцууллаа.
Өнгөрөгч Даваа гарагийн байдлаар улсын хэмжээнд үр тариа, төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил үндсэндээ дуусаж, үтрэм дээрх ангилан ялгах, цэвэрлэх ажил үргэлжилж байгааг цохон тэмдэглэв.
Нийт 220.6 мянган га талбайгаас 242.6 мянган тонн үр тариа хураан аваад байна. Үүнээс 210.5 мянган га-гаас 240.0 мянган тонн улаан буудай, 9.9 мянган га-гаас 101.5 мянган тонн төмс, 15.1 мянган га-гаас 196.6 мянган тонн хүнсний ногоо, 54.3 мянган га-гаас 86.9 мянган тонн малын тэжээл, 47.4 мянган га-гаас 22.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын эцсийн дүнг арваннэгдүгээр сарын 5-нд танилцуулах юм.
Эх сурвалж: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!