ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын шахалтад хэзээ ч бууж өгөхгүйгээ амласан Путин хориг арга хэмжээ "зарим хохирол" учруулахыг хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа Оросын дайны санхүүжилтийг доройтуулах зорилгоор шинэ хориг арга хэмжээ зарласан билээ.

Тухайлбал газрын тосны Роснефть, Лукойл болон тэдний бараг гуч орчим охин компанийн эсрэг худалдааны хориг арга хэмжээ авсан юм.

Энэ хоригийг зарласны дараа Оросын газрын тосны гол худалдан авагч Хятад, Энэтхэг улсууд импортын хэмжээгээ бууруулж эхэлсэн байна.

Тэгвэл өчигдөр дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар анх удаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр Трампын авсан арга хэмжээг “Орос-Америкийн харилцааг бэхжүүлэхэд ямар ч нэмэр болохгүй, нөхөрсөг бус үйлдэл”, “Орос улсыг дарамтлах гэсэн оролдлого” гэж дүгнээд

“Өөрийгөө хүндэлдэг ямар ч улс дарамт шахалтад ордоггүй юм” гэж хэлсэн байна.

Путин бас шинэ хориг арга хэмжээ Орос улсад том нөлөө үзүүлэхгүй гэсэн хэдий ч “зарим нэг хохирол” учруулж болзошгүйг хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг зөвлөхүүдийнхээ үгэнд орохоосоо өмнө “түүний засаг захиргаа хэний төлөө ажиллаж байгааг бодох ёстой байсан” гэж шүүмжлэхдээ уг арга хэмжээний үр дүнд газрын тосны үнэ өсөхийг анхааруулжээ.

Хэрвээ Украины тал АНУ-ын алсын тусгалын Томахавк пуужингаар Оросын нутаг дэвсгэрт халдвал “маш хүчтэй” хариу арга хэмжээ авахаа Путин энэ үеэр мэдэгдсэн байна.

Сүүлийн хориг арга хэмжээ нь Оросын газрын тосны үйлдвэрлэлийн бараг тал хувийг эзэлдэг хоёр том компанитай худалдаа хийхийг гадаад улс орнууд, компаниудад хориглож, тэднийг олон улсын санхүүгийн системээс салгаж байгаа юм.

Хоригийн эхний үр дүн ажиглагдаж эхэлжээ.

Тухайлбал Хятад, Энэтхэгийн компаниуд Оросын газрын тосны худалдан авалтын хэмжээгээ бууруулж эхэлсэн байна.

Энэтхэгийн хамгийн том худалдан авагч болох Reliance Industries хувийн компани импортын хэмжээгээ бууруулж, бүр түр хугацаанд зогсоож ч магадгүй болсноо мэдэгджээ.

“Оросын газрын тосны импортын хэмжээг шинээр тохируулах ажил үргэлжилж байгаа бөгөөд Reliance групп Энэтхэгийн засгийн газрын өгсөн удирдамжийг бүрэн дагах болно” гэж тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

АНУ-ын хоригоос болгоомжилсон Хятадын төрийн өмчит компаниуд Оросын газрын тосыг далайгаар импортлохоо түр зогсоосныг хэд хэдэн эх сурвалж бас мэдээлжээ.

Газрын тос, байгалийн хийн салбар Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний тавны нэг орчмыг бүрдүүлдэг тул гол худалдан авагчид нь импортоо зогсоовол Кремлийн төсөвт том цохилт болохоос гадна дэлхийн зах зээлийн үнэ ханшид нөлөөлөх юм.

Кремлийн хамгийн ойрын холбоотнууд болох Хятад, Энэтхэг улсууд өнөөдрийг хүртэл АНУ-ын дарамт шахалтыг үл тоомсорлон Оросын газрын тосыг импортолсоор байсан юм.

Сүүлийн хориг арга хэмжээ нь Украины дайныг зогсоох хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй байгаагаас Трампын тэвчээр барагдсаныг харуулж байна.

Тэрбээр хориг арга хэмжээг зарлахын өмнөх өдөр Путинтэй хийхээр төлөвлөөд байсан Будапештын уулзалтаа цуцалсан юм.

Хэдийгээр Путин хориг арга хэмжээний нөлөөг бага гэж үзэж байгаа ч Оросын бусад өндөр албан тушаалтнууд илүү хүндээр хүлээж авсан байна.

Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев үүнийг “дайн зарласнаас ялгаагүй үйлдэл” гэж мэдэгджээ.

“АНУ бол бидний дайсан. Өөрийгөө энхийг сахиулагч гэж гайхуулдаг энэ улс одоо Оросын эсрэг дайн дэгдээх замдаа бүрэн орлоо” гэж тэр сошиал хуудсандаа анхааруулан бичсэн байна.

Трампын зарласан хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхэд нэг сарын хугацаа байгаа.

Энэ хооронд Оросын эрх баригчид хоригийн сөрөг үр нөлөөг багасгах бүх арга хэмжээг авах нь тодорхой. Өмнөх хоригуудаас зайлсхийхийн тулд тус улс худалдааны стандарт бус систем ашиглах, газрын тос тээвэрлэлтийн “сүүдрийн флот”-ын сүлжээ байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан.

Гэхдээ АНУ-ын хоригийн нөлөө асар их бөгөөд ихэнх улс орнууд, компаниуд Өрнөдийн санхүүгийн системээс таслагдахгүйн тулд Оросын газрын тосноос татгалзах магадлалтай юм.

 

Эх сурвалж: AFP