ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Энэтхэгийн харилцаа: Оюун санааны хөршөөс стратегийн түншлэлийг бэхжүүлэх хүртэл - III

Редакцын бус нийтлэл
2025 оны 10 сарын 17
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийлээ. 

Энэхүү айлчлалтай холбогдуулан ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор. Д.Уламбаярын өгүүллийг үргэлжлүүлэн хүргэж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд БНЭУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Стратегийн түншлэл байгуулсны 10 жилийн ойн хүрээнд амжилттай зохион байгуулагдав.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Драупади Мурмутай уулзаж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Нарендра Модитой, түүнчлэн парламент, засгийн газрын ахлах албан тушаалтнуудтай халуун дотно, харилцан хүндэтгэлтэй, Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх нийтлэг эрмэлзэлтэй уур амьсгалд өргөн хүрээтэй, үр дүнтэй хэлэлцээ хийв.

Энэтхэг, Монгол хоёр улс ардчилал, эрх чөлөө, харилцан хүндэтгэл зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан гүн гүнзгий соёл иргэншлийн болон оюун санааны хэлхээ холбоотой, хоёр орон эртнээс уламжлагдан ирсэн соёлын ойр дотно харилцаа, ард иргэдийн найрсаг харилцааны гүн холбоотой юм. Стратегийн түнш, оюуны санааны хөрш, “гуравдагч хөрш”-ийн хувьд Энэтхэг, Монгол хоёр улс тус тусын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд итгэлтэй хамтрагчид билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий Сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтойг онцлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын нэгэн жарны хамтын ажиллагааны түүхэн ойгоор Ерөнхий сайд Н.Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаан тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрхзүйн 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан Мэдэгдэл гаргав. Хамтарсан Мэдэгдэл”-д тэмдэглэхдээ: 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад түүхэн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцаа чанарын шинэ түвшинд хүрч, харилцан итгэлцэл нэмэгдэж, хамтын ажиллагаа өргөжиж, стратегийн чиг хандлага бэхжив. Өндөр түвшний айлчлалууд идэвхжиж, институцийн механизмууд батжиж, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжсөн юм гэжээ. “Хөгжиж буй, ард иргэдийнхээ өсөн нэмэгдэж буй хүсэл тэмүүлэл, хөгжлийн асар их боломж бүхий хоёр улс болох Монгол, Энэтхэг улс хамтын ажиллагааныхаа гол цөмд иргэд төвтэй хөгжлийн түншлэлийг байршуулж байна. Энэтхэгийн Засгийн газраас 1.7 тэрбум ам.долларын зээлийн шугамаар хэрэгжиж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төсөл нь Монгол Улсын тогтвортой эрчим хүчний стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг, хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон санаачилга юм. Хоёр тал уг төслийн хэрэгжилтийг хөнгөвчлөх, хугацаанд нь дуусгах, санхүү, үйл ажиллагааны урт хугацааны тогтвортой байдлыг хангахын төлөөх тууштай байр сууриа дахин нотлов. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэв” гэсэн байна.

Хоёр тал хөгжлийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн болох чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэв. Энэтхэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй мэдээлэл, харилцаа холбоо, гадаад аутсорсингийн чиглэлээр байгуулагдаж буй “Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн шилдэг төв”, “Энэтхэг–Монгол найрамдлын сургууль” зэрэг төслүүд үүнд чухал байр суурь эзэлж буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр тал Энэтхэгийн санхүүжилттэй “Түргэн нөлөө бүхий төслүүд” (Quick Impact Projects, QIPs)-ийн тухай Санамж бичигт гарын үсэг зурсан явдлыг сайшааж, эдгээр төслүүд нь Монгол Улсын орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжлийн зорилгыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг нотлов.

Хоёр улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа хараахан бүрэн чадавхдаа хүрээгүй байгааг хүлээн зөвшөөрч, цаашид эдийн засгийн харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хүчин чармайлтаа эрчимжүүлэхээр тохиролцов. Стратегийн түнш, оюун санааны хөрш, гуравдагч хөршийн харилцаандаа тулгуурлан, харилцан итгэлцэлд үндэслэн эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, гүнзгийрүүлэхийн ач холбогдлыг хоёр тал онцлон тэмдэглэжээ.

Хоёр тал харилцан ашигтай, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх нийтлэг зорилтоо бататгаж, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов. Энэтхэгийн Уул уурхайн яам болон Монгол Улсын Аж үйлдвэр, уул уурхайн яам хооронд Геологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж, технологийн солилцоо болон мэргэжлийн туршлагын хуваалцах замыг нээж байна. Энэ хүрээнд Монгол Улсын коксжих нүүрс, зэс зэрэг голлох ашигт малтмалын нөөцийг Энэтхэгийн зах зээлд экспортлох хамтын ажиллагааны үндсийг тавьж, аж үйлдвэрийн хамтын хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжихээр талууд тохиролцсон байна.

Монголын тал сэргээгдэх, цөмийн болон уламжлалт эрчим хүчний салбарт Энэтхэгийн дэлхийд тэргүүлэх байр суурийг өндрөөр үнэлж, олон улсын Нарны холбоо (International Solar Alliance)-ны санаачилгаар дэлхий дахинд эрчим хүчний шилжилтийг ахиулахад оруулж буй Энэтхэгийн чухал хувь нэмрийг сайшаав. Хоёр тал сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны тухай Санамж бичгийг шинэчлэх асуудлыг судлахаар тохиролцож, энэ нь цэвэр эрчим хүчний хөгжлийг урагшлуулах, инновацыг дэмжих, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тогтвортой ба хүртээмжтэй өсөлтийг дэмжих нийтлэг эрмэлзэлтэй нийцэж буйг онцолжээ.

Хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд тээвэр, ложистикийн шинэ сүлжээ, холболтыг эрэлхийлэхийн чухлыг тэмдэглэв. Энэ хүрээнд гуравдагч орны боомт, тээврийн коридорын боломжийг хамтран судлах, авто зам, төмөр замын холболтын туршлагаа солилцох, хоёр улсын хооронд шууд нислэгийн тогтмол шугам нээх болон транзит үйлчилгээ нэмэгдүүлэх боломжийг хамтран судалж, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцов.

Цаашлаад хоёр тал ХАА, мал аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг хүлээн зөвшөөрч, энэ салбарыг эдийн засгийн хамтын ажиллагааны чухал тулгуур багана болгохоор тохиролцов. Монгол Улсын мал аж ахуйн баялаг нөөц, ялангуяа хонины ноос, тэмээний ноолуур зэрэг түүхий эд, Энэтхэгийн ноос, нэхмэлийн үйлдвэрлэл, хивс болон даавуу боловсруулах чиглэл дэх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг хослуулан, түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэл, технологийн дамжуулалт, хүний нөөцийн солилцооны хүрээнд хамтран ажиллаж, дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн ноос, ноолуурын бүтээгдэхүүн хамтран үйлдвэрлэх зорилт тавьж байна.

Чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа Энэтхэг-Монголын хөгжлийн түншлэлийн тулгуур багана хэвээр байна. Энэтхэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээлэл, харилцаа холбоо, гадаад аутсорсингийн шилдэг төв” нь хиймэл оюун ухаан болон түүнтэй холбоотой дэвшилтэт технологийн чиглэлээр жил бүр 1,000 гаруй монгол залуусыг сургах боломжийг бүрдүүлэх ажээ.

Хоёр тал “Энэтхэг-Монгол найрамдлын сургууль” нь хоёр улсын боловсролын түншлэлийн түүхэн тэмдэгт үйл явдал болж, жил бүр ойролцоогоор 1,200 сурагчид чанартай боловсрол олгож, Монгол Улсын ирээдүйн үеийг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буйг санал нэгтэй тэмдэглэв.

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газар 2025–2026 онд Энэтхэгийн Техникийн болон Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн (ITEC) хүрээнд монгол иргэдэд зориулан 70 нэмэлт сургалтын тэтгэлэг олгохоо зарлав. Энэ нь хоёр улсын хүний нөөцийн хөгжил дэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх алхам болж байна. Хоёр тал 1,000 монгол багшид зориулсан англи хэлний сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг (анхан, дунд шат болон богино хугацааны сургалтуудыг хамруулах) хэрэгжүүлэх бодит боломжуудыг хамтран тодорхойлж, урагшлуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Хоёр тал Энэтхэг-Монголын түншлэлийн хүрээнд соёл, ард иргэдийн харилцаа хүчтэй суурьтай байгааг өндрөөр үнэлэв. Тэд хоёр орныг холбож ирсэн оюун санааны болон соёлын олон зуун жилийн уламжлал харилцан ойлголцол, найрсаг нөхөрлөлийг улам гүнзгийрүүлж ирснийг онцлон тэмдэглэж, энэхүү бат бэх холбоо нь Монгол Улсад Энэтхэгийн ариун шүтээнийг залрах үзэсгэлэн гаргах, монгол судлаачдыг Энэтхэгт сургах, эртний монгол гар бичмэлүүдийг дахин хэвлэх, гар бичмэл хадгалах байгууламжийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэх, Богд хааны ордны цогцолборыг сэргээн засварлах зэрэг санаачилгуудаар улам батжиж байгааг тэмдэглэв.

Ард иргэдийн харилцаанд шинэ урам зориг өгөхийн тулд Энэтхэгийн тал Монгол Улсын иргэдэд цахим визийг үнэ төлбөргүй (gratis basis) олгохоо мэдэгдэв. Монголын тал Энэтхэгийн иргэдэд цахим виз олгох боломжийг судлахаар тохиролцов. Хоёр тал 2025–2029 оны Соёлын солилцооны хөтөлбөрийг хамтран баталсан нь хоёр улсын хооронд соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болохыг сайшаажээ.

Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт Энэтхэг, Монгол хоёр улс “Нүүдэлчин заан”, “Хааны эрэлд” зэрэг хамтарсан цэргийн сургуулиар дамжуулан хамтын ажиллагаа, солилцоог бэхжүүлэхийн төлөөх итгэл үнэмшлээ дахин нотлов. Энэтхэг Улсын Засгийн газар Улаанбаатар хот дахь Энэтхэгийн ЭСЯ-нд орон тооны Батлан хамгаалахын атташег томилж, Батлан хамгаалахын хэлтэс байгуулахаар шийдвэр гаргасныг Монголын тал сайшаан хүлээн авав. Энэ нь хоёр улсын батлан хамгаалах хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэгдэх юм.

Хоёр тал Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын Пахалгам хотод гарсан террорист халдлагыг эрс хатуу буруушаав. Терроризм, хүчирхийлэлд тулгуурласан экстремизм нь хүн төрөлхтөнд аюул учруулж буйг хүлээн зөвшөөрч, терроризмын бүх хэлбэр, илрэл, тэр дундаа хил дамнасан терроризмыг ч эрс эсэргүүцэж буйгаа дахин нотлов. Хоёр тал терроризмыг ямар ч нөхцөл, шалтгаанаар зөвтгөж үл болох бөгөөд терроризмд “тэг хүлцэлтэй” (zero tolerance) хандлага баримтлах байр сууриа дахин илэрхийлэв. Терроризмыг хаана ч байсан устгахын төлөөх хатуу шийдвэрээ нотолж, олон улсын хамтын нийгэмлэгийг терроризмын санхүүжилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа бэхжүүлэхийг уриалав. Террористуудын аюулгүй орогнох газар, үйл ажиллагааг бүрэн устгах бодит, итгэлцэлтэй арга хэмжээг авах ёстойг талууд онцлон тэмдэглэв. Энэтхэг, Монгол хоёр улс энэ чиглэлд, тэр дундаа “Олон улсын терроризмын эсрэг цогц конвенц”-ийг эцэслэн батлахад хамтран ажиллахаар тохиролцов.

Хоёр тал олон улсын байгууллага, хэлэлцээний талбаруудад ойр уялдаа холбоотой ажиллаж, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, ахиулахын төлөө хамтран ажиллахын чухлыг онцлов. Үүнд: “Өмнөдийн дуу хоолой дээд түвшний уулзалт” зэрэг индэр чухал үүрэгтэйг тэмдэглэв. Монгол Улс Энэтхэгийн илүү хүртээмжтэй, төлөөлөл сайтай, “олон туйлт дэлхийн дэг журам” бүрдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Энэтхэг улс Монгол Улсын “олон тулгуурт” дэлхийн тухай үзэл санааг харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд тулгуурласан дэлхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Хоёр тал шударга, илүү төлөөлөлтэй дэлхийн хамтын нийгэмлэг бүрдүүлэх нийтлэг зорилгоороо нэгдэж буйгаа бататгав. Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр Энэтхэг Улсыг дэмжих бат бөх байр сууриа дахин нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгч хатагтай Драупади Мурму болон Ерөнхий сайд н Нарендра Модид Монгол Улсад төрийн айлчлал хийхийг халуун дотноор урьж, хоёр орны найрсаг нөхөрлөл болон улам бүр гүнзгийрч буй харилцааг онцлон тэмдэглэв.

Сүүлийн таван жилд төрийн айлчлалын албан ёсны хөтөлбөрийн дагуу бизнес форум тогтмол зохион байгуулагдаж байгаа нь хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх чухал боломж, эдийн засгийн дипломатын ажиллагааны тод илрэл болж байна. Бизнес форум нь худалдаа-эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг төр дипломатын талаар дэмжиж, эдийн засгийн гадаад харилцааг эдийн засагжуулж буй чухал арга хэмжээ болон төлөвшиж байна.

Айлчлалын хүрээнд Нью-Дели хотноо зохион байгуулсан “Энэтхэг-Монголын бизнес форум”-д хоёр орны төр, засгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Форумаар эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, газрын тос, тээвэр ложистик, сэргээгдэх эрчим хүч, суурь бүтэц, хүнс, ХАА, эмийн болон аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж, Энэтхэгийн гадаад худалдааны tradingeconomics.com сайтын 2025 оны аравдугаар сарын шинэчилсэн мэдээллээр 2024 оны байдлаар худалдааны эргэлт 30.26 сая ам.доллар, үүнээс Энэтхэгийн экспорт 28.85 сая ам. доллар, Монголын импорт 1.412.2 сая ам. доллар болсон байна. 110 сая ам. доллар гэсэн тоо Энэтхэгийн эх сурвалжаас олдсонгүй.

Энэтхэгийн экспорт нь

I. Үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмж: Машин механизм, бойлер, цахилгаан, электрон тоног төхөөрөмж, төмөр болон ган, хөнгөн цагаан, суурь металлын багаж хэрэгсэл, төмөр зам, трамвайны зүтгүүр, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, оптик, фото, техникийн болон эмнэлгийн багаж хэрэгсэл, гэрэлтүүлгийн хэрэгсэл, угсармал барилга, цаг, бугуйн цаг, бусад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн,

II. Химийн ба эмийн бүтээгдэхүүн: Эмийн бүтээгдэхүүн, органик ба органик бус химийн бодисууд, үнэт металл агуулсан изотоп, химийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, арьс боловсруулах, будаг, бордоо, тэсрэх бодис, шүдэнз, өөрөө асдаг бодис, савантай холбоотой бүтээгдэхүүн, тосолгооны материал, лав, лаа, загварын паст, үнэртэн тос, сүрчиг, гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүн,

III. Хүнсний бүтээгдэхүүн ба хөдөө аж ахуй: Үр тариа, гурил, цардуул, сүүний гаралтай бүтээгдэхүүн, элсэн чихэр, чихрийн бүтээгдэхүүн, хүнсний төрөл бүрийн бэлэн бүтээгдэхүүн, какао, ундаа, архи, цуу, хүнсний ногоо, зарим үндэс болон булцуулаг ургамал, амьтан, ургамлын гаралтай тос, тэжээл, зөгийн бал, хүнсний жимс, самар, кофе, цай, мате болон амтлагч, тослог үр, тосны ургамал, үр, жимс, үр тариа, гурилын бүтээгдэхүүн, соёолж, цардуул, улаан буудайн уураг,

IV. Нэхмэл, хувцас, арьс шир: Сүлжмэл болон нэхмэл бус хувцас, сүлжмэл даавуу, торго, хөвөн, амьтны үс, адууны үсний утас, даавуу, нэхмэл, сүлжмэл эдлэл, тор, хатгамал, хивс болон бусад нэхмэл шалны бүрээс, аяллын эд зүйлс,

V. Барилгын материал ба байгалийн гаралтай түүхий эд: гипс, цемент, асбест, гялтгануур, хүхэр, шохой, цемент, керамик бүтээгдэхүүн, шил болон шилэн эдлэл,

VI. Үнэт зүйлс, гоёл чимэглэл: Сувд, үнэт чулуу, үнэт металл, зоос, урлагийн бүтээл, эртний эдлэл,

VII. Цаас, хэвлэл ба бусад: Цаас, картон болон тэдгээрийн бүтээгдэхүүн, хэвлэмэл ном, сонин, зураг,

VIII. Цэргийн ба тусгай зориулалтын бараа: Зэвсэг, сум, тэдгээрийн эд анги, хэрэглэл эдгээр бол Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, адууны үс, нэхмэл, оёмол, сүлжмэл эдлэл, давирхай, хуванцар зэрэг бүтээгдэхүүнийг импортоор авсан байна.

Айлчлалын хүрээнд зөөлөн хүчний бодлогод суурилсан соёлын дипломат ажиллагаа явуулж, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Нью-Дели хотын “Бхарат Мандапам” цогцолборт “Монголын сайхан орон“ тоглолтоо анх удаа толилуулав. Уран бүтээлчид Монгол үндэстний урлагийн болон Энэтхэгийн алдартай сор бүтээлүүдийг хоёр улсын төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэдийн 3,000 гаруй төлөөлөлд өргөн барив. Энэ үеэр мөн “Монголын сайхан орон” сэдэвт гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны бат бэх найрамдлын түүхэнд шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болов. Хоёр тал тогтмол харилцаа холбоо тогтоож, бүхий л салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлэх, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах хүчирхэг Стратегийн түншлэлийн нийтлэг үзэл баримтлалаа урагшлуулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцов.