М-Си-Эс Групп өнгөрсөн онд 128,000 мод тарьж ургуулжээ
М-Си-Эс Групп нь тогтвортой хөгжлийн бодлого зорилгын хүрээнд байгаль орчныг хамгаалах, экосистемийг сэргээх, ногоон орчныг нэмэгдүүлэх ажлыг жил бүр тасралтгүй хэрэгжүүлж ирсэн билээ.
Тус группийн хамт олон 2023 онд 67,000 мод тарьсан бол 2024 онд энэхүү тоогоо бараг хоёр дахин өсгөж 128,000 мод тарьж ургуулсан нь тэдний байгальд ээлтэй санаачилга жил ирэх бүр илүү өргөн цар хүрээтэй, үр дүнтэй болсоор буйг харуулж байна.
М-Си-Эс Группийн компаниуд бүс нутгийн онцлог, байгалийн нөхцөлд тулгуурлан мод тарилт, нөхөн сэргээлт болон үржүүлгийн ажлуудыг хийжээ. Тодруулбал, Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Цогтцэций, Баяндалай сумд, Хэнтий аймгийн Дадал сум, Богд хан уулын Хүрхрээгийн аманд нийт 99,050 мод тарьсан байна.
Мэтагро компани Хэнтий аймгийн Хэрлэн суманд өөрсдийн бойжуулсан 24,620 модыг хамгаалалтын ойн зурваст тарьсны дээр ажилтны кэмпийн орчны тохижилтод зориулан 1,200 мод тарьжээ. М-Си-Эс Интернэйшнл компани Ухаа худагийн цахилгаан станцын бүсэд 1,100 мод, Юнител групп “Ногоон төгөл” мод тарих аяны хүрээнд 1,300 мод, Группийн ажилтнууд Богдхан уулын Хүрхрээгийн аманд 13 га талбайд 20,000 шилмүүст мод тус тус тарьсан.
128,000 мод тарьснаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг авч үзвэл, дунджаар 600 га доройтсон газрыг нөхөн сэргээх, 19,000 тонн хөрс алдагдахаас сэргийлж хамгаалах, 2,800 тонн нүүрсхүчлийн хийг шингээх, 20,000–30,000 зүйлийн амьтан амьдрах орчинд эерэг нөлөө үзүүлэх, 15,000 тонн хүчилтөрөгч буюу 500,000 хүртэл хүний хэрэгцээнд тэнцэх хэмжээний хүчилтөрөгчийг жил бүр агаар мандалд бий болгох юм.
Ойжуулалтын ажлын суурь нь чанартай суулгац байдаг. Тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлтийн ажлын хүрээнд, Энержи Ресурс компани Цогтцэцийд байрлах 2.5 га мод үржүүлгийн талбайдаа 30,000 ургамал бойжуулж, 15 төрлийн 49,000 мод, сөөг тарьжээ. Мөн Мэтагро компани 1.7 га талбайд 7,000 мод сөөг үрээр болон мөчрөөр тарьж ургуулсан байна. Эдгээр мод үржүүлгийн талбайнууд нь компанийн хэрэгцээг хангахаас гадна орон нутгийн биологийн нөхөн сэргэлтэд хувь нэмэр оруулж буй чухал хүчин зүйл болж байгааг онцлох хэрэгтэй.
Тарьсан модныхоо тоог хоёр дахин өсгөхийн зэрэгцээ төрөл зүйлийг ч мөн хоёр дахин нэмсэн М-Си-Эсийн хамт олны ногоон орчныг нэмэгдүүлэх эл санаачилгын үр дүн нь байгальд ээлтэй бизнесийн жишгийг тогтоож, тогтвортой хөгжлийн зарчмыг бодитоор хэрэгжүүлж буйг илтгэх нэг үзүүлэлт болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
