Уншиж байна ...

Сөүл хот анх удаа цөмийн болон химийн зэвсгийн халдлагаас хамгаалах хоргодох шинэ байр байгуулахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа анх удаагаа өөрийн хөрөнгөөр цөмийн, химийн болон биологийн зэвсгийн халдлагаас энгийн иргэдийг хамгаалах зориулалттай шинэ хоргодох байр байгуулахаар болсныг Даваа гарагт зарлажээ.

Тус хотын өмнөд Сонпа дүүргийн нийтийн орон сууцны хорооллын газар доорх гуравдугаар давхарт уг байгууламжийг барихаар төлөвлөсөн байна.

Байгууламжийн талбай 2,147 хавтгай дөрвөлжин метр бөгөөд халдлагын үеэр 14 хоногийн турш 1,020 хүнийг байрлуулах хүчин чадалтай байх гэнэ.

Орох, гарах үеийн ариутгалын хэсэг, агаарын чанарын хяналтын систем, усны нөөцийн савтай уг байгууламжийг энхийн цагт иргэд биеийн тамирын дасгалын орон зай болгон ашиглах юм байна.

2028 онд ашиглалтад оруулах энэ байгууламжид Сөүл хотын захиргаа 3.4 тэрбум вон ($2.37 сая) зарцуулахаар төлөвлөжээ.

Цаашдаа цахилгаан соронзон импульсийн (EMP) халдлагаас хамгаалах чадварыг нь сайжруулж, Сөүлийн бусад дүүргүүдэд нэмж байгуулах гэнэ.

Үүнээс гадна хуучин хоргодох байрнууд одоогийн стандартад нийцэж байгаа эсэхийг үнэлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар дайны аюул занал нэмэгдэж байгаатай холбогдуулан өнгөрсөн оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын нийслэл “Сөүлийн Батлан Хамгаалалт 2030” хөтөлбөрийг эхлүүлж байсан бөгөөд шинэ хоргодох байр нь үүний нэг хэсэг болж байгаа юм байна.

Энэ оны хоёрдугаар сард гаргасан бодлогын бичиг баримтад Умард Солонгосын алсын тусгалын их буу, цөмийн болон химийн зэвсэг, нисгэгчгүй онгоц, цахилгаан соронзон импульсийн зэвсэг Сөүл хотын гол аюул занал болохыг тодорхойлж байжээ.

Тодорхой мэдээлэл байхгүй ч Умард Солонгосын дэглэмийг 50 орчим цөмийн цэнэгт хошуутай болсон гэх тоо баримт байдаг.

Үүнээс гадна 570 орчим алсын тусгалын их буутай, эдгээрийн 200 орчим нь 240 мм-ийн сумаар Сөүл хотын чиглэлд 4,400 ээлжийн гал нээх чадвартай гэж үздэг байна.

Бас Украины дайнд цэргийн хүчээ илгээсний үр дүнд байлдааны туршлага хуримтлуулж, нисгэгчгүй онгоцны хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэгдэж байгаа.

Ийм аюултай нөхцөл байдалд байгаа Сөүл хот иргэний хамгаалалтын түгшүүрийн системийнхээ урьдчилан мэдээлэх хугацааг одоогийн 1-3 минутаас 20 секунд хүртэл богиносгох ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Одоогоор Өмнөд Солонгос даяар 17,000 орчим хоргодох байр байдгийн цөөн хэдхэн нь цөмийн халдлагаас хамгаалах чадвартайд тооцогддог ажээ.

Үүнээс Сөүл хотод байдаг 3,000 орчим хоргодох байрны зөвхөн хотын захиргааны доор байдаг нэг байр л цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай гэнэ.

Одоо тус хотын Сочо дүүрэгт баригдаж буй тансаг ангиллын хотхон анх удаа хувийн бункертэй хотхон болж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Korea Times