Уншиж байна ...

Мадурогийн дайсан энх тайвны Нобелийн шагнал хүртэхээр болсны дараа Венесуэл улс Осло дахь элчин сайдын яамаа хаав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо энэ оны энх тайвны Нобелийн шагналыг хүртэхээр болсныг зохион байгуулагчид нь зарласан билээ.

Тэгвэл Даваа гарагт Норвеги улсын гадаад хэргийн яам Венесуэл улс Осло дахь элчин сайдын яамаа тодорхой шалтгаангүйгээр хааж байгааг зарлажээ.

“Венесуэлийн элчин сайдын яам ямар нэг шалтгаан дурдалгүйгээр хаалгаа барьж буйг бидэнд мэдэгдлээ. Бидэнд харамсалтай байна. Хэдийгээр бид хэд хэдэн асуудлаар санал зөрөлддөг ч Норвеги улс Венесуэлтэй яриа хэлэлцээний сувгаа нээлттэй байлгахыг эрмэлздэг бөгөөд энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллах болно” гэж яамны хэвлэлийн төлөөлөгч Сесили Роан сэтгүүлчдэд хэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Даваа гарагийн үдээс хойш Осло дахь Венесуэлийн элчин сайдын яам утсаа авахаа больжээ.

Мачадо 2024 оны Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулж байв. Энэ сонгуульд одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро ялалт байгуулсан юм.

зураг
 
2025 оны энх тайвны Нобелийн шагналын эзэн Мариа Корина Мачадо

Нобелийн ихэнх шагналыг Швед улс хариуцдаг бол зөвхөн энх тайвны шагналын асуудлыг Норвеги улс хариуцдаг.

Мачадог “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалж, дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжих үйл явцыг шударга, тайван замаар хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн” үндэслэлээр шагнах болсноо Норвегийн Нобелийн шагналын хорооны дарга Йорген Ватне Фриднес мэдэгдсэн юм.

Ням гарагт болсон олон нийтийн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Мадуро шагнал авсныг нь дурдаагүй ч 58 настай тэмцэгч эмэгтэйг “чөтгөр шулам” гэж хочилжээ.

Мачадо сүүлд Fox News сувагт ярилцлага өгөхдөө Нобелийн шагналаа Венесуэлийн зовж шаналсан ард иргэдэд, бас АНУ-ын ерөнхийлөгчид зориулж байгаагаа мэдэгдэж байв.

Трампыг тэр “Хэдхэн сарын дотор найман дайн мөргөлдөөнийг зогсоож чадсаныхаа төлөө төдийгүй Венесуэлд эрх чөлөө авчрахын төлөө шийдэмгий ажиллаж байгаагийнхаа төлөө энэ шагналыг хүртэх эрхтэй” гэж магтжээ.

 

Эх сурвалж: AFP