Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар энэ сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлалын хүрээнд МУИС-ийн Улс төр судлал Олон улсын харилцаа Нийтийн удирдлагын сургуулийн ОУХ-ны тэнхимийн ахлах багш доктор А.Батцэцэгтэй ярилцлаа.
-БНЭУ-ын Ерөнхийлөгч Драупади Мурмугийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад удахгүй төрийн айлчлал хийх гэж байна. Та өнөөгийн Энэтхэг улсын дэлхийд эзлэх байр суурийг тодруулна уу?
-Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгч Драупади Мурмугийн урилгаар тус улсад удахгүй төрийн айлчлал хийх гэж байна.
Өнөөгийн БНЭУ нь өнгөрсөн оны хавар хүн амын тоогоор БНХАУ-ыг гүйцэж түрүүлэн, 2025 оны ОУВС-гийн тайланд тэмдэглэснээр БНЭУ-ын ДНБ нь нэрлэсэн үнэлгээгээр 4.1 их наяд ам.доллароор хэмжигдэж, АНУ, ХБНГУ, Японы дараа дөрөвт эрэмбэлэгдэж, эдийн засгийн дундаж өсөлт 6.3-6.8 хувиар өсөж, хурдацтай хөгжиж буй бүс нутгийн томоохон гүрэн болж байна.
Энэтхэг нь мэдээллийн технологи буюу software-ийн технологийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч, энэтхэгийн software-ийн мэргэжилтнүүд АНУ-ын дижитал технологийн компаниудад хамгийн үнэ цэнтэйд тооцогдож байна.
Мөн Энэтхэг улс НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүнд нэр нь дэвшиж буй, де факто цөмийн зэвсэгтэй гүрэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг манлайлагч, Их 20, ШХАБ, БРИКС-ын гишүүн, түүнчлэн АНУ, Япон, Энэтхэг, Австралийн аюулгүй байдлын 4 талт яриа хэлэлцээний гишүүн улс юм.
Өрнөдөд Энэтхэг нь олон сая хүн амтай, Азийн хамгийн ардчилсан орон гэж үздэг.
Жишээ нь 2024 оны парламентын сонгуульд 744 улс төрийн нам оролцож, нийт санал хураалтад бүртгэгдсэн 968 сая сонгогчийн 642 сая сонгогч доод танхимын 540 гаруй суудлын төлөө саналаа өгсөн байдаг. Ийм олон зуун сая сонгогчидтой, олон зуун намаар чөлөөт сонгууль явуулж буй улс дэлхийн хаана ч байхгүй. Үүнийг л Энэтхэгийн ардчилал гэж нэрлэх нь буй.
ОХУ Зүүн Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараа Өрнөдийн эдийн засгийн томоохон багц хоригт орсон. Тиймээс 2023 оны хавар ОХУ-ын Засгийн газрын орлогч Александр Новак мэдэгдэхдээ, 2 сая баррел, түүнээс дээш хэмжээгээр газрын тос импортоор авах тохиолдолд дурын үнээр нийлүүлнэ гэж мэдэгдсэний дараа Энэтхэг, Хятад зэрэг улсууд ОХУ-аас газрын тосыг их хэмжээгээр, хямд үнээр импортоор авч эхэлсэн.
АНУ Энэтхэгийн ОХУ-ын Украинд явуулж буй дайны машиныг санхүүжүүлж байна хэмээн Энэтхэгийн экспортын бүтээгдэхүүнд тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн нь Энэтхэг, Америкийн харилцаанд асуудал үүсгээд байгааг бид бүгд мэдэж байна.
-Монгол, Энэтхэг хоёр орныг оюун санааны хөршүүд гэж нэрлэдэг. Та үүнийг тодруулна уу?
-Монгол, Энэтхэгийн харилцаа нь 2600 жилийн түүхэн хугацаанд өөр хоорондоо нягт хэлхээ холбоотой байж өнөөг хүрч ирсэн түүх байдаг.
Чухамдаа Энэхтхэгээс бурхны шашин Монгол газар дэлгэрсэн гэж үздэг. Монгол, Энэтхэг хоёр улс шууд хиллэдэг байгалийн хөршүүд биш хэдий ч, хоёр орныг эрдэмтэн судлаачид оюун санааны хөршүүд хэмээн хүндэтгэн нэрлэдэг.
Монголчууд бурхны шашин, түүний гүн ухаан, зан үйл, соёлыг хамтад нь нутагшуулсан. Буддын шашнаас гадна оюуны бүтээл соёл, уран зохиол монголчуудын дунд олон зууныг дамжин дэлгэрсэн байдаг. Энэтхэгээс улбаатай уран зохиолын тэрхүү баялаг уламжлал нь Монгол-Энэтхэгийн оюун санаа, соёлын харилцааны үндсэн чиглэлийг тодорхойлж иржээ. Үүний хамгийн сонгодог жишээ нь Ганжуур, Данжуур хэмээх сор бүтээлийг нэрлэхэд хангалттай болов уу.
Нөгөө талд БНЭУ нь оюун санааны хөршөөс гадна Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш юм.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.2-т “АНУ, Япон, ЕХ, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр заасан.
Монгол, Энэтхэгийн ард түмний түүх, соёл, оюун санааны хэлхээ холбоо нь тийнхүү олон зуун жилийг гэтэлж, хоёр улсын хооронд 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд албан ёсны дипломат харилцаа тогтож, эдүгээ өндөр дээд түвшинд өргөжин хөгжиж 70 жилтэй золгож байна.
Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны социалист бус орон нь олон зуун жилийн оюун санаа, түүх, соёлын гүн хэлхээ холбоотой БНЭУ болсон юм.
-Та Монгол, Энэтхэгийн харилцааны өнөөгийн хүрсэн түвшинг хэрхэн үнэлж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 оны хоёрдугаар сард БНЭУ-д албан ёсны айлчлал хийх үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч П.В.Нарасимха Раотай яриа хэлэлцээ хийж, “Монгол Улс, БНЭУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээ” хэмээх суурь баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын ирээдүйн харилцааны олон улсын эрхзүйн үндэслэл болж байна.
Монгол, Энэтхэг хоёр улс ХХI зуунд ч хамтын ажиллагаагаа улам бататган бэхжүүлж, 2009 оны есдүгээр сард “Иж бүрэн түншлэл”, 2015 оны тавдугаар сард “Стратегийн түншлэл”, 2019 оны есдүгээр сард “Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх”-ээр харилцан тохиролцсон.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНЭУ-д хийх төрийн айлчлал шинэ эринд хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.
Монгол, Энэтхэг хоёр улс Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд юм. 2013 оны аравдугаар сард БНСУ-ын Инчонь хотноо болсон Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн Байнгын хорооны 42 дахь хуралдаанаар Монгол Улсыг тус хэлэлцээрт нэгдсэн 7 дахь улсаар батламжилсан.
Дурдсан хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ соёрхон баталж, улмаар 2020 оны есдүгээр сарын 29-нд Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны Гэрээнд албан ёсоор долоо дахь гишүүн болж нэгдсэн. Монгол Улс анх удаагаа бүс нутгийн хөгжиж буй орнуудын худалдааны гэрээнд нэгдсэн нь энэ үйл явц юм.
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байх бөгөөд хэлэлцээр ёсоор БНЭУ 3,253 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 10-100 хувийн тарифын хөнгөлөлтийг хэлэлцээрт нэгдсэн гишүүн улсуудад үзүүлж эхэлсэн байдаг.
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг.
Надад Энэтхэгийн статистикийн сүүлийн үеийн мэдээ байна л даа.
2024 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 30.27 сая ам.доллар, үүнээс Монголын импорт 28.85 сая ам. доллар, экспорт 1.42 сая ам. доллар болсон байна.
Монголын экспортод хамгийн их эзлэх хувь нь уламжлалт түүхий эд кокс нүүрс, зэс, үнэт метал, сувд, үнэт чулуу, арьс шир, нэхмэл сүлжмэл, ноос, ноолуур, зарим бараа, харин Монголын импортод Энэтхэгээс эм, эмийн бүтээгдэхүүн, машин механизм, техник хэрэгсэл, үнэрт тос, сүрчиг, гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүн бусад өргөн хэрэглээний бараа орж байна.
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал чиглэл нь мэдээллийн технологийн салбар юм. Энэтхэгийн Засгийн газрын 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Энэтхэгийн Ерөнхий сайд агсан А.Б. Важпайн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингын төвийн байгуулах төслийн ажил ШУТИС-ийн дэргэд баригдаж буй бөгөөд тус сургалтын төв ашиглалтад орсноор жилд 5000 мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой болох аж ээ.
Энэ төв улсын төсвөөс бус өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, инновац шингэсэн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж мэргэжилтнүүд нь тэмдэглэж байна.
-Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн бэлэг тэмдэг нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд Энэхтхэгийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл байдаг. Энэ үйлдвэрийн явцын талаар танаас тодруулмаар байна.
-Үнэхээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааны бэлэг тэмдэг гэдэгтэй санал нэг байна.
Энэтхэгийн 20 жилийн хугацааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж буй нэн чухал төсөл.
Дэлхий дахиныг хамарсан КОВИД цар тахал, тээвэр ложистик болон бараа материалын үнийн өсөлт, технологийн шийдэл, тээвэрлэлтийн асуудлуудтай холбогдон төслийн зардал өсөж, 462.2 сая ам.доллароор нэмэгдсэн асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ эрхзүйн хувьд шийдвэрлэсэн.
Монгол Улс 2010 оноос албан ёсоор газрын тос олборлогч орон болсон. АМГТГ-д албан ёсоор бүртгэгдсэн мэдээллээр Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т орж буй бөгөөд 332.64 сая тонн нөөцтэй, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая тонн гэсэн тооцоо гарсан байдаг.
Газрын тос боловсруулах үйлдвэр урьдчилсан тооцооллоор 2027 оны II хагаст ашиглалтад орсноор жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулж, чингэснээр жилд 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, Евро-4,5 стандартын 560 мянган тонн авто бензин, 670 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш мазут үйлдвэрлэх аж ээ.
Жил бүр гадаад улсаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг нэг тэрбум ам.доллар Монгол Улсад үлдэнэ. Мэргэжилтнүүдийн тэмдэглэж буйгаар Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор валютын ханш тогтворжиж, ДНБ 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллароор өсөж, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан 30 гаруй төрлийн үйлдвэр хөгжинө гэж үзэж байгаа юм байна.
Түүхий тосоо өөрсдөө боловсруулснаар хамгийн гол нь гадаад зах зээлээс хамаарлаа бууруулах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй.
Мэдээж үнийн хувьд мэдэгдэхүйц хямд байх нь тодорхой болов уу. БНЭУ-ын 1.7 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлээр Дундговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн өртөг “Оюутолгой” төслийн үнийн дүнгээс үлэмж бага боловч тус үйлдвэр ашиглалтад орсноор эдийн засгийн аюулгүй байдал төдийгүй өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал улам баталгаажих учиртай юм.
Хоёр улсын хамтын ажиллагааны өөр нэг чиглэл нь БНЭУ Монголын коксжих нүүрсийг ихээхэн сонирхож ирсэн явдал юм.
Энэтхэгийн Засгийн газар Монголын коксжих нүүрсний чанарын шаардлага хангаж буй учир экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгааг дипломат болон бизнесийн түвшинд албан ёсоор илэрхийлсээр ирсэн. Энэтхэг улс тээвэрлэлтийн хувьд ч ОХУ-тай төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагааны хэлэлцээртэй учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй хэмээн тооцож байгаа юм билээ. Энэтхэг, Хятад улс дэлхийн коксжих нүүрсний хамгийн том импортлогч улсууд юм.
Энэтхэг 2025 он гэхэд коксжих нүүрсний хэрэглээг 80 сая тонн хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан.
За мөн хамтын ажиллагааны өөр нэг нэг чухал чиглэл нь хүний нөөц бэлтгэх асуудал байдаг. Энэтхэгт суралцах оюутны тоог 150-200 болгож нэмэгдүүлсэн бөгөөд, Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах” төслийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Энэтхэг Улсын 100 хувийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч байгууллага шалгарч, барилга угсралтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Энэхүү сургуулийн барилга нь дөрвөн давхар, 1200 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн.
Эцэст нь дахин тэмдэглэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНЭУ-д хийх төрийн айлчлал хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг чанарын шинэ шатанд гаргана гэдэгт итгэлттэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!