МАН-ын дотоод зөрчлийн талаар хэлэлцэх шаардлагатай байна хэмээгээд АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарав
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл үг хэлэв.
Тэрбээр “Хөдөө аж ахуйн хуультай холбоотойгоор завсарлага авмаар байна. Энэ хуулиар шийдэж байгаа зүйл байхгүй. Хөдөө аж ахуй гэсэн хэр нь зөвхөн мал аж ахуйг голчилсон байгаа нь завсарлага авах үндэслэл гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, өнгөрсөн долоо АН-ын удирдах байгууллага болох Улс төрийн зөвлөлөөс УИХ-ын даргын ёс зүйн асуудал болон улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэр гарга гэдэг чиглэлийг АН-ын бүлэгт өгсөн. Тийм учраас бид чуулганы хуралдаанаас гарч, бүлгийн хурлаа зарлан эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.
Манай гишүүд чуулганы хуралдааны ирцэндээ ороод танхимыг орхин гарч бүлгийнхээ хуралд оролцох ёстой. Намын удирдах байгууллагын шийдвэр надад хамаагүй гэж байгаа гишүүд байвал энд суугаад үлдэж болно.
Бид хэлэлцэж байгаа асуудалд саад болж завсарлага авахаа болилоо. Та нар олонх учир ирцээ бүрдүүлээд хурлаа үргэлжлүүлээд яв” гэв.
Үүнд нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “О.Цогтгэрэл дарга аа, нам, эвлийн бүлэг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор завсарлага авахдаа үндэслэл, хугацаагаа тодорхой хэлдэг. Түүнээс биш намынхаа гишүүдэд танхимыг орхин гаръя гэж уриалж болохгүй. Та завсарлага авъя гэж микрофон нээлгэсэн хэр нь хурлыг орхин гаръя гэж хууль зөрчиж байна” гэлээ.
Ийнхүү чуулгын хуралдааны танхимд байсан АН-ын гишүүд хурлыг орхин гарлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
