11 дүгээр магистрал буюу 25 дугаар эмийн сангийн замын эсрэг талаас Төмөр замын уулзвар буюу BSB дэлгүүр хүртэлх дулааны шугамыг өргөтгөх ажил өчигдөр дуусжээ.
Энэ талаар "УБДС" ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал "11 дүгээр магистрал шугам анх ДЦС-4 ашиглалтад орох үед буюу 42 жилийн өмнө ашиглалтад орсон юм.
1983 оноос хойш Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээ 4-5 дахин нэмэгдсэн тул 800мм-ийн голчтой шугамыг 1,000 болгож өргөтгөх ажлыг 2016 оноос гүйцэтгэж байсан ч санхүүжилтгүйгээс зогсож байгаад сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй үргэлжилж байна.
900 гаруй метр дулааны шугамыг шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 540 метрийг сольж ажиллагаанд залган ус гүйлгэх хэмжээнд хүрлээ. Нэг сарын хугацаанд тохижилтын ажлуудыг гүйцэтгэж дуусгах ёстой.
Дулааны 11 дүгээр магистрал шугамыг өргөтгөснөөр хотын төв орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрахаас гадна Их тойруу, 3, 4 дүгээр хорооллын хэрэглэгчдийг аваарын үед сэлгэн ажиллуулах техникийн боломж бүрдэж байгаа ач холбогдолтой шугам.
Хуучин шугамыг буулгаж, шинэ шугамыг угсрах ажлыг долоодугаар сар гарч байж эхэлсэн. Есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулж чадаагүй ч том шугамыг богино хугацаанд сольж дуусгалаа.
Дулааны шугамыг өргөтгөх санхүүжилтийг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас гаргаж байгаа юм" гэж мэдээллээ.
Дулааны шугамыг өргөтгөх ажлыг "Энерго Сервис Монтаж" компани гүйцэтгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!