Ай Ти Зон компани болон дэлхийн кибер аюулгүй байдлын технологийн тэргүүлэгч Fortinet хамтран Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуульд (МУИС-МТЭС) “Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори”-ийг байгуулж, албан ёсоор хүлээлгэн өглөө.
Ай Ти Зон компани анх 2015 онд Fortinet-ийн шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлснээс хойш даруй 10 жилийн турш төрийн болон бизнесийн бүхий л салбарт олон улсын жишигт нийцсэн кибер аюулгүй байдлын технологийг амжилттай нэвтрүүлж ирсэн бөгөөд энэхүү лаборатори нь хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулсан нийгмийн хариуцлагын томоохон төсөл болж байна.
Энэхүү лаборатори нь нийт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан ба Fortinet компанийн хамгийн сүүлийн үеийн Галт хана (Firewall), Access Point, Switch, Analyzer зэрэг тоног төхөөрөмж, тэдгээрийн албан ёсны лиценз, Intel Ultra процессор бүхий компьютер, сервер, ухаалаг самбар зэргээр тоноглогдсон иж бүрэн сургалтын орчин юм. Цаашид Ай Ти Зон болон Fortinet компаниуд хамтран оюутнуудад тус технологийг бүрэн эзэмшихэд шаардлагатай сургалт, зөвлөмж, практик дадлагыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Улсад кибер аюулгүй байдлын чадварлаг мэргэжилтний эрэлт өндөр байгаа энэ үед тус лаборатори нь жил бүр бакалавр, магистрын түвшинд суралцаж буй 200 гаруй оюутнуудад онолын мэдлэгийг практик орчинд бататгах, төгсөөд шууд ажлын байранд ашиглаж болох ур чадварыг эзэмших чухал боломж бүрдүүлж байгаа юм.
Fortinet компани нь сүлжээ болон кибер аюулгүй байдлын шийдлээр дэлхийд тэргүүлдэг, олон улсад хамгийн олон технологийн патент эзэмшдэг гэдгээрээ хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд МУИС-МТЭС-д байгуулж буй энэхүү лаборатори нь дэлхийн стандартын шийдлүүдийг оюутнуудад гардан суралцах нөхцөлөөр хангаж байгаа юм.
Ай Ти Зон болон Фортинет компаниуд цаашид ч боловсрол, технологийн салбарт үнэ цэнтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын дижитал хөгжил, кибер аюулгүй байдалд бодит дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!