ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д саатуулагдсан Өмнөд Солонгосын иргэдийн нэгээс бусад нь эх орондоо буцаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Жоржиа мужийн нутаг дэвсгэрт оршдог Hyundai компанийн үйлдвэрийн барилга дээр ажиллаж байсан хүмүүсийг цагаачлалын албаныхан баривчилсан билээ.

Тэдний дунд 300 гаруй Өмнөд Солонгосын иргэн байсан юм. АНУ-ын тал тэднийг визийн зориулалтыг зөрчин ажил хөдөлмөр эрхэлсэнд буруутгасан байна.

Сөүлийн эрх баригчид иргэдээ буцааж татах тусгай үүргийн нислэг зохион байгуулсан нь өнөөдөр үдээс хойш Инчоны олон улсын нисэх буудалд газардахаар болжээ.

Саатуулагдсан Өмнөд Солонгосын иргэдээс гадна өөр улсын 14 иргэнийг тээвэрлэсэн Korean Air компанийн онгоц өчигдөр үд дунд Атланта хотын олон улсын нисэх буудлаас хөөрсөн байна.

Цагаан ордноос өгсөн заавартай холбоотойгоор нислэг нэг өдрөөр хойшилсныг өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн мэдээлсэн юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп буцаж буй хүмүүсийн дотор АНУ-д үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй хүн байгаа эсэхийг шалгах үүрэг өгсний дагуу ийнхүү саатжээ.

Өмнөд Солонгосын иргэдээс ганцхан хүн АНУ-д байнга оршин суух эрх авахын тулд үлдэхээр болсон байна.

Ерөнхийлөгч И Жэ Мюн цаашид АНУ-д хөрөнгө оруулах асуудал “маш их эргэлзээтэй” болж буйг мэдэгджээ. Өмнөд Солонгосын компаниуд гадаадад үйлдвэр байгуулахдаа туслан гүйцэтгэгч байгууллагын ажилчдыг илгээдэг нь нийтлэг практик болохыг тэр тайлбарласан байна.

“Хэрвээ үүнийг цаашид зөвшөөрөхгүй бол АНУ-д үйлдвэр байгуулах улам хэцүү болно. Ийм хөрөнгө оруулалтын үр ашгийн талаар компаниудад эргэлзээ төрөх болно” гэж тэр хэлжээ.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чо Хён энэ долоо хоногт АНУ-д айлчлахдаа иргэдийг нь саатуулсан явдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд визийн үл ойлголцлыг арилгах талаар Вашингтоны албаныхантай ярилцсан байна.

Hyundai компанийн гүйцэтгэх захирал Хосе Муньоз дээрх баривчилгаа шинэ үйлдвэрийн нээлтийг хойшлуулахаар байгааг мэдэгджээ.

“Үйлдвэрийн нээлтийг хамгийн богинодоо 2-3 сараар хойшлуулах төлөвтэй байна. Учир нь саатуулагдсан ажилтнууд бүгд эх орондоо буцахыг хүсэж байна” гэж тэр Америкийн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа хэлсэн юм.

Hyundai болон LG Energy Solution компаниудын хамтран байгуулж байгаа цахилгаан автомашины батарейн үйлдвэр Жоржиа мужийн түүхэнд хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болсон гэдэг.

Цагаан ордон дээрх баривчилгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй гэсэн шүүмжийг няцааж байгаа.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Трамп улс оронд нь үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудад америкчуудыг ажилд авахыг уриалсан байна.

 

Эх сурвалж: BBC