Холимог тулаанч Майкл Жамъяндорж мэргэжлийн замналынхаа хоёр дахь тулаандаа бэлэн болжээ
Монгол гаралтай, АНУ-д төрж өссөн холимог тулаанч Майкл Жамъяндорж мэргэжлийн замналынхаа хоёр дахь тулаандаа бэлэн болжээ.
Майкл Жамъяндорж нь өдгөө 26 настай бөгөөд түүний мэргэжлийн замналын анхны тулаан энэ оны зургаадугаар сард болж, эхний үед өрсөлдөгчөө буулган авсан юм.
Ийнхүү есдүгээр сарын 26-нд Сан Диего хотод "Tuff-N-Uff 148" тэмцээний хүрээнд АНУ-ын тулаанч Коби Ферийн эсрэг тулалдахаар тов гарсан байна. Коби Фер нь өдгөө 31 настай, мэргэжлийн түвшинд гурав дараалан ялалт байгуулсан аж.
Майкл Жамъяндоржийн хувьд сонирхогчийн түвшинд нийт дөрвөн удаа ялж, нэг ялагдал хүлээсэн амжилт гаргажээ. Тэрбээр олон мэргэжилтнүүдийн дунд Монголын холимог тулааны дараагийн том од болох төлөвтэй гэж үнэлэгдэж байгаа нэгэн юм.
“Энэ тэмцээн миний хувьд нэгэн шинэ шат, бас Монгол тулаанчдын хүч чадлыг дэлхийд харуулах гайхалтай боломж. Би Монгол ахан дүүстэйгээ холбогдон, тэднийг бахархуулахыг зорьж байна” гэж Майкл Жамъяндорж онцолсон байна.
Майкл Жамъяндоржийн мэргэжлийн эхний тулааны бичлэг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

