Нисгэгч нь архидан согтуурсантай холбоотойгоор Японы JAL компанийн нислэгүүд 18 цагаар саатжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн нисгэгчтэй холбоотой асуудлын улмаас Japan Airlines (JAL) компанийн Хавайгаас Япон чиглэлийн хоёр нислэг 18 цаг орчим хугацаагаар саатсаныг тус компани өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал Хонолулу хотоос Японы төв бүсийн Чубу Сентрайр олон улсын нисэх буудал руу нисэх байсан онгоцны ахмад өмнөх өдөр нь зочид буудалд архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байна.
JAL компани түүнийг орлох нисгэгчийг олсон ч энэ асуудал Токиогийн Ханеда буудал руу нисэх байсан өөр хоёр нислэгийн цагийн хуваарьт нөлөөлсний улмаас нийт 630 орчим зорчигчийн аялал 18 цагаар саатжээ.
Энэ асуудалтай холбогдуулан өчигдөр Японы газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид Токио хот дахь JAL компанийн төв байранд шалгалт явуулахаар очсон байна.
Өмнө нь JAL компанийн ажилтнуудын архидан согтуурсан хэд хэдэн асуудал гарч байсан бөгөөд эрх баригчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үйл ажиллагаагаа сайжруулах албан даалгаврыг тус компанид өгч байжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард JAL компанийн нэг нисгэгч АНУ-д зочид буудалд байхдаа архидан согтуурч, зүй бус авирласны улмаас орон нутгийн цагдаагийн байгууллагаас сануулга авч байв.
Дараа нь арванхоёрдугаар сард Мельбурн хотоос Японы чиглэлд нисэх байсан онгоцны хоёр нисгэгч согтууруулах ундааны шинжилгээнд бүдэрсэн тул нислэг хойшлогдож байжээ.
Энэ оны нэгдүгээр сард JAL компани ийм алдаа дутагдал дахин гаргахгүй байхад чиглэсэн ажлынхаа тайланг тээврийн яаманд танилцуулсан юм.
Ингэхдээ архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байсан түүхтэй ажилчдынхаа нэрсийн жагсаалтыг гаргаснаа мэдээлж байв.
Өчигдөр тус компани дахин архитай холбоотой асуудал гаргасандаа олон нийтээс уучлал гуйж, үүнийг таслан зогсоох хүчин чармайлтыг тасралтгүй үргэлжлүүлэхээ амлажээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

