Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Азийн аваргын эхний тоглолтдоо Тайландад хожигдов
Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг AFC U23 буюу Азийн Аварга шалгаруулах тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд оролцож байна.
Манай улсын шигшээ баг тус тэмцээний F хэсэгт Ливан, Тайланд, Малайзын шигшээ багтай тоглохоор оноолт таарсан билээ. Тэд эхний тоглолтоо Тайландын шигшээ багийн эсрэг өчигдөр 20:30 цагаас тоглож, 0:6 тооны харьцаатай ялагдал хүлээлээ.
Энэ тоглолтын хоёр дахь минутад Тайландын шигшээ багийн тоглогч Иклаc Санроны тооны харьцааг нээсэн. Тайландын шигшээ эхний хагаст гурван бөмбөгийг манай шигшээ багийн хаалганд оруулсан юм. Өчигдрийн тоглолтод Монголын шигшээ багийг Г.Төгөлдөр ахалж талбайд гарсан бөгөөд дасгалжуулагчаар Артур Феррейра ажиллав.
Одоогоор манай шигшээ баг F хэсгийн дөрөвдүгээр байрт 0 оноо, -6 бөмбөгтэй бичигдэж байна. Тэд энэ долоо хоногийн Бямба гарагт 16:00 цагт Малайзын шигшээ багийн эсрэг Тайландын Таммасат цэнгэлдэх хүрээлэнд тоглох хуваарь гарчээ. Өрсөлдөгч Малайзын шигшээ багийн хувьд өчигдөр Ливаны шигшээд 0:1 тооны харьцаатай хожигдсон бөгөөд F хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
