Боловсролын Яамнаас багш нарын цалингийн бүтцийг шинэчилнэ гэдгээ өнгөрсөн сард мэдэгдэж байсан.
Тэгвэл багш нарын ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгох чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлт гарчээ.
Боловсролын сайдын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга өчигдөр энэ талаар "Багш нарын цалин, ялангуяа нийслэлд шинээр ажилд орж буй багшийн цалин маш бага байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд шинээр орж байгаа багш 1,484,000, цэцэрлэгийн багш 1,559,000 төгрөгийн цалинтай байна. Энэ багш эхний бараг таван жилдээ нэмэгдэл цалин, нэмэгдэл хөлс гэж авахгүй.
Орон нутгийн нэмэгдлээс үүдэлтэйгээр байршлаас хамаарсан буюу нийслэлийн багш нар хөдөө, орон нутгийн багш нараас цалин багатай байна. Энэ нь нийслэлд амьдралын өртөг ихтэй байхад цалин нь бага байгаа нөхцөлийг үүсгэжээ.
Таван төрлийн нэмэгдэл, мөн таван төрлийн нэмэгдэл хөлсний үүдэлтэйгээр залуу багш ба салбартаа олон жил ажилласан туршлагатай багш хоорондын цалингийн зөрүү өндөр байгаа зэрэг байдлыг харгалзан шийдлийн саналыг боловсрууллаа.
Үүнд
Үндсэн цалинг 10-50 хувиар нэмэгдүүлэхэд төсөвт ямар ачаалал ирэх талаар харгалзах тооцооллыг хийсэн. Тухайлбал 25 хувиар нэмэгдүүлэхэд цалингийн нийт төсөвт ирэх ачаалал нь 21.7 хувиар өснө. Үүнд 556.3 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 1,855,000, цэцэрлэгийн багшийн цалин 1,948,750 төгрөг болох боломжтой. Бид цалинг нэмэхэд гарах төсвийн үр дагаврын тооцооллыг хувилбар бүрд хийж, Боловсролын сайдад хүргүүллээ. Боловсролын сайд Засгийн газраар дамжуулж, Улсын Их Хурал(УИХ)-аар хэлэлцүүлнэ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!