ФОТО: COP-17 бага хурлын “Хотын дарга нарын чуулга уулзалт”-д хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Цэнхэр бүсэд өнөөдрөөс эхэллээ.
Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож буй албаны эх сурвалжаас мэдээлэл өгөв. Гэхдээ дэлхийн хэдэн хотын дарга нар ирсэн талаар мэдээлэл тодорхой болоогүй байгаа юм байна.
“Хотын дарга нарын чуулга уулзалт” нь өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хотуудын туршлага хуваалцах хэлбэрийг хослуулсан олон талт бүтэцтэйгээр зохион байгуулагдана. Мөн дэлхийн хотуудын удирдлага, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн институц, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэсэн нээлттэй, интерактив хэлэлцүүлгүүд өрнөх аж.
"бодит ажил хөрөнгө оруулалттай уялдуулах Улаанбаатарын санаачилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна"
Нээлтийн үеэр Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва "Бид та бүхний сайн туршлагаас суралцаж шинэ санаа, шинэ түншлэлийн загварыг харилцан ашигтайгаар нэвтрүүлэхийг зорьж байна. Улаанбаатар хот бага хурлын хүрээнд хотуудын түншлэл, ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын системийг хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцох болно.
Хотын дарга нарын форумоор хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх Улаанбаатарын тунхаглал, тэдгээрийг бодит ажил хөрөнгө оруулалттай уялдуулах Улаанбаатарын санаачилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хурлаас дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярилаа.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-д хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн зургуудаас...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
