Ар гэрийнхнийхээ хүсэл сонирхлыг үл харгалзан хоорондоо гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний амийг буудан хөнөөж буйг харуулсан дүрс бичлэг Пакистаны сошиал ертөнцөд тараад байна.
Бичлэг цацагдсаны дараа Пакистаны баруун өмнөд бүсийн Балучистан мужийн эрх баригчид “нэр төрийн аллага” гэгдэж буй уг хэрэгтэй холбогдуулан 13 хүнийг баривчилжээ.
Энэхүү бичлэг Пакистан даяар дуулиан дэгдээж, гэм буруутай этгээдүүдэд хатуу арга хэмжээ авахыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид эрх баригчдаас шаардаж эхэлсэн юм.
Даваа гарагт Балучистан мужийн захирагч Сарфраз Бугти аллага болсон газар, оролцсон хүмүүсийг олж тогтоосноо зарласан юм. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа сэжигтнүүдийг баривчилснаа дахин мэдээлжээ.
Дүрс бичлэгт мужийн төв Кветта хотын захад хэсэг хүмүүс ачааны автомашинаас гэрлэсэн хосыг буулгаж ирж байгааг харуулсан байна.
Удалгүй тэднийг нэг нэгээр нь ойрын зайнаас бууджээ.
Орон нутгийн цагдаагийн байгууллага хосын эмэгтэй Бано Биби, эрэгтэй Ахсан Уллах нэртэй хүмүүс байсныг зарласан байна.
Эмэгтэйн ах нь дүүгээ өөрийн зөвшөөрөлгүйгээр бусадтай гэрлэсэн талаар гомдол гаргасны дараа овгийн ахлагч Сардар Сатакзай хосыг алах тушаал өгснийг мөрдлөгийн явцад тогтоожээ.
Цагдаагийн газрын баривчилсан 13 хүний дотор овгийн ахлагч, хохирогч эмэгтэйн ах хоёр байгаа гэнэ. Эдгээрээс гадна өөр есөн сэжигтнийг эрэн сурвалжилж байгаагаа цагдаагийн албаныхан мэдээлжээ.
Пакистаны Хүний Эрхийн Хороо 2024 онд хамгийн цөөндөө 405 “нэр төрийн аллага” үйлдэгдсэнийг мэдээлсэн байдаг.
Тус хорооны тайланд Пакистаны эрх баригчдыг ийм төрлийн гэмт хэргийг таслан зогсооход хангалттай анхаарал тавихгүй байгааг шүүмжилж байв.
Ийм хэргийн хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд ихэвчлэн гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасан үндэслэлээр хамаатан садан, ах дүүсийнхээ гарт алагдсан байдаг гэнэ. “Нэр төрийн аллага” хамгийн олон бүртгэгдсэн мужуудад Пунжаб, Синдх багтаж байна.
Пакистан болон Энэтхэгийн олон бүс нутагт эмэгтэйчүүдийг өөрийн хүслээр бусадтай гэрлэхийг ар гэрийнхэн нь хатуу хориглодог.
Зарим орон нутгийн албан хаагчид ийм аллагын гэм буруутнуудыг шийтгэлгүй өнгөрдөг байна.
“Феодалын нийгмийн ийм бусармаг ёсыг овгийн ахлагч нар өөрийн хүн ард, нөөц баялгийг хянаж байхын тулд хэрэгжүүлдэг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд албаныхан овгийн ахлагч нарыг хамгаалаад зогсохгүй, тэднийг Пакистаны хууль тогтоох байгууллагад нэвтрэхэд тусалдаг” гэж тус улсын Хүний Эрхийн Хорооны нарийн бичгийн дарга Харрис Халик ярьжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
64 СЭТГЭГДЭЛТЭЙ
|