Австрали бүсгүйчүүд анх удаа тивийн аварга боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 21
IKON.MN
Зураг зураг

БНХАУ-ын Шэньжэнь хотод энэ сарын 13-наас 20-ныг дуустал үргэлжилсэн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий аваргаар Австралийн баг анх удаагаа тодорлоо. 

Өмнө нь тивийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Австрали энэ удаад хагас шигшээд БНСУ, шигшээд Японыг буулган авснаар аваргалсан юм. Ингэснээр тус улсын баг сагсан бөмбөгийн 5х5 төрөлд тивдээ аваргалж буй дөрөв дэх баг болов.
1965 онд анх удаа зохиогдсон тэмцээнээс хойш БНСУ, БНХАУ-ын эмэгтэй баг тус бүр 12, Япон зургаан удаа цом өргөсөн түүхтэй.   

Харин австраличууд хожуу буюу 2017 оноос шар тивийн аваргад өрсөлдөж эхэлсэн юм. Тэд анхны тэмцээндээ Японд дийлдэж мөнгөн медаль зүүсэн бол сүүлийн гурван тэмцээн дараалан хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулав.

Тэгвэл Японы шигшээ баг ес дэх мөнгө, 27 дахь медаль зүүсэн бол хүрэл медалийн төлөө гол өрсөлдөгч БНСУ-ын шигшээ багийг илт илүүрхсэн БНХАУ-ын баг хүртлээ.

Өнгөрсөн жил "B" ангиллаас дээшилсэн Индонезийн баг сүүлийн байранд орсноор ирэх жил зиндаа буурах болов. 

Энэ жилийн ААШТ-ий бэлгэдлийн багт Австралийн Стефани Рейд, Александра Фаулер, БНХАУ-ын Хан Сюй, Японы Кокоро Танака, БНСУ-ын Пак Жи Хюн нар багтжээ. Харин үнэ цэнтэй тоглогчоор Александра Фаулер нэрлэгдсэн юм.

Хятадын Тайпэйгийн баг "B" ангилалд түрүүлэв

зураг
 

"B" ангилалд түрүүлсэн баг 2027 онд Филиппинд болох ААШТ-ий "А" зэрэглэлийн багуудтай өрсөлдөх эрх авна. Тэгвэл энэ жил Хятадын Тайпэйгийн эмэгтэй шигшээ баг шигшээд Ираныг 74:55-аар буулган авснаар ирэх тэмцээнд томчуудтай өрсөлдөх боллоо.

Хятадын Тайпэй 1965 оноос хойш тивийн аваргад хүч үзсэн "том" баг. Түүхэндээ ганц удаа буюу 1972 онд мөнгөн медаль хүртэж байсан тус баг энэ жил анх удаа "B" ангилалд хүч үзсэн юм.

Тэд тэмцээний хагас шигшээ шатанд Монголын эмэгтэй шигшээ багийг буулган авсан. Ингээд цом өргөсөн тул энэ тэмцээнд IV байр эзэлсэн Монголын шигшээ баг 2027 онд "B" ангиллын урьдчилсан шатанд оролцолгүйгээр шууд өрсөлдөх эрхтэй болов. 

Манай улсын эмэгтэй шигшээ баг нийлбэр дүнгээр 12 жагссан юм.