Герман улс Хитлерийн амь насанд халдах оролдлогын 81 жилийн ойг тэмдэглэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Германы эрх баригчид болон нийгмийн зүтгэлтнүүд 81 жилийн өмнөх Нацистуудын удирдагч Адольф Хитлерийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.

“Долдугаар сарын 20-ны өдөр бол шударга ёс, ухамсрын төлөө, илүү сайн Герман улсыг байгуулахын төлөөх тэмцлийн бэлэг тэмдэг болсон өдөр юм” гэж Берлин дэх батлан хамгаалах яамны байрны гадаа болсон арга хэмжээний үеэр тус улсын батлан хамгаалахын сайд Борис Писториус хэлсэн байна.

1944 оны долдугаар сарын 20-ны өдөр Клаус Шенк Граф фон Штауфенбэрг болон Вермахтын өөр гурван офицер Берлин дэх зүүн фронтын цэргийн штабын байранд Хитлерийн амийг хөнөөх зорилгоор тэсрэх бөмбөг байрлуулсан ч ажиллагаа амжилтгүй болсон юм.

Үүнээс хойш хэдхэн цагийн дараа тэднийг буудан хороож байжээ.

Дайн дуусахаас нэг жил орчмын өмнө болсон энэ үйл явдлыг Писториус бүтэлгүйтэл биш, харин шинэ цаг үеийн эхлэл байсныг онцолсон байна.

Нацистуудын цаазын газар байсан Берлиний Плёцензеед болсон дурсгалын арга хэмжээний үеэр канцлер агсан Вилли Брандтын хүү Маттиас Брандт үг хэлэхдээ Нацист дэглэмийн үйлдсэн харгислалыг мартаж болохгүйг анхааруулжээ.

“Үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хор өнөөдрийн манай нийгэмд хэрхэн нэвтэрч байгааг бид сонгуулийн үр дүнгээс харж байна” гэж тэр хэлсэн юм.

Түүний аав Вилли Брандт нацистуудын хавчлагаас зугтан 1933 онд Норвеги улс руу дүрвэж байжээ. Дараа нь тэр Германд буцаж ирээд 1969 онд зүүн төвийн засгийн газрын канцлераар сонгогдож байв.

Сүүлийн жилүүдэд Германд үндсэрхэг үзэл урьд өмнө байгаагүй хэмжээнд газар авч, цагаачлалын эсрэг үзэлтэй хэт барууны нам AfD (Alternative für Deutschland) хоёрдугаар сарын сонгуулиар авсан саналын тоогоор хоёрдугаарт орсон нь дайнаас хойших түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон юм.

Тус намын олон зүтгэлтнүүд Холокост гэх мэт Хитлерийн үйлдсэн гэмт хэргүүдийг үгүйсгэж, нацист үг хэллэгийг олны дунд санаатай ил тод ашиглах болсон.

Өчигдөр Германы хууль зүйн сайд Стефани Хубиг тус улс дахин 1930-аад оны үед бий болгосон аймшгийн эх үүсвэр болж болохгүйг хэлсэн үгэндээ анхааруулжээ.

“Үүнээс бий болсон гэм нүглийг бид бүгдээрээ хариуцах ёстой. Бид хуулийг дээдлэх ёс, ардчиллыг дахин устгахыг зөвшөөрөхгүйгээ илүү зоригтой, чанга хэлэх ёстой” гэж тэр хэлсэн юм.

Хитлер долдугаар сарын 20-ны халдлагаас хөнгөн гэмтэл авч байв. Үүний дараа нацистууд уг хуйвалдаанд оролцсон гэж сэжиглэгдсэн хүмүүсийг цаазлах ажиллагааг Герман даяар явуулж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг