Оросын талын санхүүжилт удаан хугацааны турш саатсан тул хамтарсан дулааны цахилгаан станц байгуулах төслийг дотоодын хөрөнгө оруулалтаар эхлүүлж байгаагаа Казахстаны ерөнхий сайд Олжас Бектенов өчигдөр зарлажээ.
Астана хотод болсон хэвлэлийн хурлын үеэр тэр Оросын талын амласан бага хүүтэй зээлийг хэдэн сарын турш хүлээсний эцэст Казахстаны хойд бүсийн Кокшетау хотод хамтран байгуулахаар тохиролцсон станцын төслийг дотоодын эх үүсвэрээс бүрэн санхүүжүүлэхээр болсныг мэдэгдсэн байна.
“ОХУ-аас авах хөнгөлөлттэй санхүүжилтийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа тул Казахстан улс гаднын тусламж авалгүйгээр Кокшетаугийн шинэ дулааны цахилгаан станцыг дотоодын нөөц бололцоогоороо байгуулж эхэлсэн” гэж Бектенов хэлжээ.
Уг станц нь 240 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэж, бүс нутгаа дулаан, цахилгаанаар хангах юм байна.
Семей, Усть-Каменогорск хотуудад төлөвлөгдсөн тус бүр 360 мегаваттын хүчин чадалтай өөр хоёр дулааны цахилгаан станцын төсөл мөн Оросын эрх баригчдын хариуг хүлээж байгаа гэнэ.
Хэрвээ санхүүжилт энэ байдлаар саатвал Казахстан улс гурван төслөө бүгдийг нь өөрийн нөөцөөр байгуулахад хүрч болзошгүйг Бектенов энэ үеэр хэлжээ.
“Хэрвээ ойрын үед ямар нэг шийдвэр гарахгүй бол засгийн газар эдгээр төслүүдийг бас өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжийг судлах болно” гэж тэр хэлсэн байна.
Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ удаан хүлээх боломжгүй болгож байгааг Бектенов тайлбарлажээ.
Дулааны цахилгаан станцуудын төслийг 2023 онд ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг Казахстанд айлчлах үеэр анх талууд тохиролцож байсан юм.
2024 онд засгийн газар хооронд байгуулагдсан $2.7 тэрбумын дүнтэй гэрээ ёсоор Оросын төрийн өмчит Интер РАО компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, Оросын банкууд 15 жилийн хугацаатай зээлээр санхүүжүүлэх байжээ.
Төслүүдийн хэрэгжилтэд асуудал тулгарсныг тавдугаар сарын сүүлээр Казахстаны албаныхан анх мэдээлж байв.
“Боломжит санхүүжүүлэгчидтэй яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хэрвээ Оросын тал хөрөнгө оруулж чадахгүй бол бид өөр хөрөнгө оруулагч олох боломжтой” гэж Казахстаны засгийн газрын шадар сайд Роман Скляр тухайн үед мэдэгдэж байжээ.
Эрчим хүчний дэд сайд Бахытжан Ильясов өнгөрсөн долоо хоногт энэ талаар ярихдаа Хятад, Өмнөд Солонгосын компаниудтай уулзаж, хөрөнгө оруулагч идэвхтэй хайж байгаагаа дуулгасан юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!