Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр тус улсын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх төлөвлөгөөгөө зарлажээ.
Ингэхдээ тэр эдийн засгийн сайд Юлия Свириденкогийн нэрийг ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлсэн байна.
“Юлия Свириденкогийн ажил үүргийг өргөтгөж, Украины засгийн газрын тэргүүнээр томилох саналыг би гаргаж байна. Ойрын хугацаанд шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөртэй танилцах болно” гэж Зеленский сошиал хуудсаараа мэдэгджээ.
Украины эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, дотоодын зэр зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээний талаар Свириденкотой ярилцсанаа тэр бас мэдээлсэн байна.
39 настай Свириденко нь АНУ-тай ашигт малтмалын гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэснээрээ танигдсан хүн юм.
Хэрвээ Украины парламент түүний томилгоог баталбал 2020 оноос хойш ерөнхий сайдаар ажиллаж буй Денис Шмыгалийг залгамжилна.
Шмыгаль бол Украин улс тусгаар тогтнолоо зарласан 1991 оноос хойш хамгийн урт хугацаанд ерөнхий сайдаар ажилласан хүн юм.
Свириденкотой хамтран ажиллаж байсан, эдийн засгийн сайд асан Тимофий Мылованов “Хүмүүс ядарч туйлдсан тул засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх цаг болсон” гэж ярьжээ.
Одоо Киевийн Эдийн Засгийн Сургуулийн захирлаар ажиллаж буй тэрбээр шинэ томилгоо нь гурван жил хагас орчим хугацаанд дайны байдалд байгаа улс оронд “тодорхой шинэчлэл авчирна” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Шмыгалийг батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилохоор төлөвлөснийг Зеленский бас мэдэгджээ.
Тэр “Энэ бол яг одоо манай улсын хамгийн их нөөц, хамгийн их үүрэг хариуцлага төвлөрсөн салбар юм” гээд Шмыгалийг энэ ажилд хамгийн тохирох хүн гэж тайлбарласан байна.
Харин одоогийн батлан хамгаалахын сайд Рустем Умеровыг тэр АНУ-д суух Украины элчин сайдаар томилох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Өнгөрсөн амралтын өдөр Умеровтой уулзсан Зеленский “АНУ-тай харилцах харилцаанд илүү эерэг динамик хэрэгтэй” байгааг онцолсон байна.
Шадар сайдын албан тушаалыг давхар хашдаг Юлия Свириденко дайн эхлэхээс хэдхэн сарын өмнө Украины эдийн засгийг удирдах хариуцлагатай ажилд томилогдож байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
134 СЭТГЭГДЭЛТЭЙ
|