ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Украины тагнуулын албаны офицерын амийг хөнөөсөн Оросын хоёр агент алагдсаныг Киевээс мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Украины тагнуулын албаны ахлах офицерын амийг хөнөөсөн Оросын хоёр агент алагдсаныг Украины аюулаас хамгаалах алба СБУ өчигдөр мэдээлжээ.

Оросын аюулаас хамгаалах алба ФСБ-ын хоёр агент Ням гарагийн өглөө баривчлагдах үеэрээ эсэргүүцэл үзүүлсэн тул устгасныг СБУ-ын дарга Василий Малюк мэдэгдсэн байна.

Тэд өнгөрсөн Пүрэв гарагийн өглөө Киев хотын нэг автомашины зогсоол дээр хурандаа Иван Воронычийг хэд хэдэн удаа буудан амийг нь хөнөөж байжээ.

Аллагын газраас зугтсан хоёр агентыг хэдэн өдөр үргэлжилсэн мөрдлөгийн үр дүнд олсон юм байна.

Алагдсан агентуудыг Украины үндэсний цагдаагийн алба “гадаадын иргэд” гэхээс илүү мэдээлэл өгөөгүй юм. Оросын тал ч энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Долдугаар сарын 10-ны өглөө орон нутгийн цагаар 9:00 цагийн үед хурандаа Киев хотын өмнөд хэсгийн Холосийвский дүүргийн нутагт оршдог барилгаас гарч явахдаа буудуулсныг хяналтын камерын бичлэг харуулсан юм.

Агентууд түүний араас дагаж, дуу намсгагчтай гар буугаар хэд хэдэн удаа буудаад зугтаасныг СБУ мэдээлжээ.

Аллагын дараа тэд нуугдсан ч цагдаагийн албатай хамтран явуулсан мөрдлөгийн үр дүнд байрлалыг нь илрүүлсэн юм байна.

СБУ нь дотоод аюулгүй байдал, сөрөг тагнуулын үйл ажиллагааг голлон явуулдаг ч дайн эхэлснээс хойш ОХУ-ын нутаг дэвсгэрт явуулсан хэд хэдэн нууц ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Тухайлбал Оросын нутаг дэвсгэрийн гүнд явуулсан хорлон сүйтгэх ажиллагаа, армийн өндөр албан тушаалтнуудын аллагыг зохион байгуулсан гэгдэж байгаа.

Гэхдээ СБУ ийм ажиллагаанд оролцсоноо нэг ч удаа албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагүй юм.

Эх сурвалж: BBC