Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс шинэ арслан Э.Батмагнайд "Lexus 600" загварын автомашин бэлэглэнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Тэргүүн Богд" дэвжээний бөх Энхтүвшингийн Батмагнайд Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс нь "Lexus 600" загварын автомашинаар шагнахаа мэдэгджээ.

Түүнчлэн төрийн наадамд үзүүлсэн амжилтыг нь үнэлж, М-Си-Эс групп нэг тэрбумаар мялааж байгааг тус группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Энэ талаар Ж.Оджаргал "Сүүлийн жилүүдэд нутгийн залуу бөхөө дэмжиж, дээлийн захыг нь мушгиж ирлээ. Хонгор нутгаас маань 76 жилийн дараа Улсын наадмын түрүү бөх тодорсонд магнай тэнийн баярлаж сууна. Шинэ арслангийнхаа амжилтыг нэг тэрбум төгрөгөөр мялааж, Улсын аварга хэмээх эрхэм цолд хүрч, түмэн олноо баярлуулахыг хүсэн ерөөе" гэсэн юм.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонирхуулахад Э.Батмагнай энэ жилийн баяр наадмын долоогийн даваанд улсын заан Ө.Бат-Өлзийтэй тунаж барилдаж заан болсноор "ЗААН ЖИМНИ" буюу Suzuki Jimny загварын автомашины эзэн болсон билээ. 

"Бридж Моторс" компанийн хамт олон Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-той хамтран сүүлийн таван жил долоогийн даваанд тунаж, заан болсон бөхчүүдийг автомашинаар байлж буй юм.

Хамгийн анх уг шагналыг М.Бадарч 2020 онд хүртэж байсан бол 2022 онд М.Лхагвагэрэл, 2023 онд Ц.Бямба-Отгон нар авч байв.