Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

О.Зундуйдорж: Хар тарлан бух худалдаж авах зардал гаргасан байна Б.Цэрэн: Дүүргийн засаг дарга өөртөө бух аваагүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр хуралдааны танхимд дүүргийн засаг дарга өрөөний хаалгаа түгжиж банштай цай чанаад хүмүүс хооллож байна, төсвийн мөнгөөр хар тарлан үүлдрийн цэвэр бух худалдаж авсан гэх асуудал хөндөгдөв.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд улсын цэцэрлэг, сургууль байхгүй. Гишүүд нь газар дээр нь очоод байдаг. Гэтэл сайд, дарга нар нь газрыг эзэмшээд байдаг. Тус хороонд 27,000 иргэн амьдардаг, Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд ойр орчимд нь байгаа юм. Эдгээр иргэний эрх ашгийг яаж хамгаалах вэ, улсын сургууль, цэцэрлэгтэй болгох бодлого бий юу?

Хан-Уул дүүргийн засаг дарга газар дээр нь ажилласан уу, газрын албанд мэдээллээ өгсөн үү? хэмээн асуугаад дүүргийн засаг дарга өрөөндөө банштай цай чанаж, хүмүүс хооллоод байна гэсэн мэдээлэл үнэн худлыг мэдэхгүй юм, дүүргийн засаг дарга нарт тэмдэглэлээр үүрэг өгөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн горимын санал гаргав. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо орчмын газрууд дээр сургууль, цэцэрлэг барихын тулд эзэмшигч нартай зөвшилцөх зарчмаар газрыг авах, зориулалтын бусаар ашиглаж байгаа гэдгээр хуулийн хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэх хоёр боломж бий. Тухайн хорооны нутаг дэвсгэрээр хамтдаа явж сургууль, цэцэрлэгийн байршлуудыг судалж, газар эзэмшигчтэй зөвшилцөх боломжтой. Өнгөрсөн жил тус дүүргийн 17 дугаар хороонд Эко констракшн компаниас 5,000м.кв газрыг сургууль барих зориулалтаар авч, сургуулийг барьж эхэлсэн. 18 дугаар хороонд Хүннү хотхоны орчимд Номин реалтор компаниас 7,000м.кв газрыг сургууль барих зориулалтаар авсан, одоогоор ажил эхлээгүй байна лээ.

Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэн: Сургууль, цэцэрлэгийн газрын мэдээллийг Нийслэлийн Газрын албатай байнга солилцож, хамтарч ажиллаж байгаа. 15, 18, 23 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг дутагдалтай. Төрийн албаны өрөөний хаалгыг түгжээд хоол, цай хийдэг гэдэг нь зохимжгүй, буруу мэдээлэл байна. Дүүргийн засаг даргын хувьд цаг өгөхгүйгээр иргэд, албан хаагч, төлөөлөгч нарыг өглөөнөөс орой хүртэл нээлттэйгээр хүлээж авдаг.

Төлөөлөгч О.Зундуйдорж: 2025 оны тавдугаар сарын 16-нд сүүний чиглэлийн хар тарлан үүлдрийн цэвэр бух худалдаж авах зардал гаргасан байна. Тайлбар авъя.

Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэн: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн тусгай сангаас авсан төсөл хэрэгжсэн юм билээ. Дүүргийн засаг дарга өөрөө бух аваад санхүүжилтийг гаргасан юм байхгүй.