Поп дуучин Кэти Перри, жүжигчин Орландо Блум нар салж байгааг Америкийн хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
Алдарт хос “сүүлийн саруудад харилцаагаа өөрчилж, хүүхдээ хэрхэн хамтран өсгөх асуудалд анхаарлаа хандуулах болсон” тухай “People”, “USA Today” зэрэг хэвлэлүүд ойрын эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
Энэ мэдээг тэдний бие төлөөлөгчид баталж, хосын хувьд “охиноо хайраар дутаалгүй, тайван амгалан, харилцан хүндлэлтэй орчинд өсгөх асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа” тухай мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Италийн Венец хотод болсон тэрбумтан Жэф Безосын хуримд Блум ганцаараа оролцсон нь тэдний салалтын тухай цуурхлыг эрчимжүүлсэн юм.
Перри энэ үед аялан тоглолттой байжээ.
40 настай Перри, 48 настай Блум нар 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа. Тэд 2017 онд салсан ч удалгүй дахин нийлсэн юм.
Улмаар 2019 онд Гэгээн Валентины өдөр сүй тавьснаа Кэти Пери сүүлд “Jimmy Kimmel Live” шоунд орохдоо ярьж байжээ.
2020 онд хос хоёр Дэйзи Дав Блум нэртэй охинтой болж байв.
Блум өмнө нь гэрлэж байсан Австралийн загвар өмсөгч Миранда Керрээс 2011 онд төрсөн нэг хүүтэй юм.
Харин Дэйзи нь Перригийн цорын ганц хүүхэд.
Перри өмнө нь хошин урлагийн уран бүтээлч Рассел Брэндтэй гэрлэж байжээ.
Калифорнид төрж өссөн Перри нийт 13 удаа Грэммийн шагналд нэр дэвшиж, 2000-аад оны үеийн поп хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан уран бүтээлчдийн нэг.
Тэрбээр нийт долоон цомог гаргасны хамгийн алдартай нь 2010 оны “Teenage Dream” байлаа. Уг цомог шилдэг жагсаалтыг таван удаа тэргүүлсэн нь Майкл Жексоны 1987 онд гаргасан “Bad” цомогтой зэрэгцэх амжилт болж байв.
Английн Кэнтербэри хотын уугуул Орландо Блумын хувьд “The Lord of the Rings”, “The Hobbit”, “The Pirates of the Caribbean” кинонуудад бүтээсэн дүрээрээ алдаршсан жүжигчин юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!