Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хотуудыг Хонконг орон сууцны өндөр үнээр тэргүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Deutsche Bank Research Institute хүрээлэн “Mapping the World’s Prices” нэртэй дэлхийн 69 том хотын амьжиргааны өртгийг харьцуулсан судалгааны тайлангаа танилцуулжээ.

Судалгаанд хамгийн өндөр үнэтэй орон сууцтай хотоор Хонконг (метр квадрат нь $25,946) шалгарч, Цюрих, Сингапур, Сөүл, Женев, Лондон хотууд $20,000-аас дээш үнээр удаалцгаасан байна.

Харин орон сууцны түрээсийн хамгийн өндөр үнэтэй хотоор Нью-Йорк бусдаасаа хол түрүүлжээ. Тус хотод гурван унтлагын өрөөтэй  орон сууцны сарын түрээс 2025 оны байдлаар $8,400 орчим байна.

Ерөнхий амьдралын чанарын үзүүлэлтээр Люксембург, Копенхаген, Амстердам, Вена, Хельсинки хотууд дэлхийд тэргүүлжээ.

iPhone худалдаж авахад хамгийн хямд хотоор Сөүл шалгарсан байна. Apple компани Самсунгтай өрсөлдөхийн тулд энэ хотод АНУ-ын хотуудаас ч хямд үнээр гол бүтээгдэхүүнээ зардаг ажээ.

Харин Турк, Бразил, Египет, Швед, Энэтхэгийн хотуудад iPhone хамгийн өндөр үнэтэй байдаг байна.

Бусад сонирхолтой үзүүлэлтүүдийг дурдвал:

  • Болзоонд явахад хамгийн хямд хот Энэтхэгийн Бангалор бол хамгийн өндөр өртөгтэй нь Женев, Цюрих, Копенхаген, Осло, Лондон, Нью Йорк болжээ
  • Капучино хамгийн өндөр үнээр олддог хотуудыг Цюрих, Копенхаген, Нью Йорк, Сан Франциско, Женев тэргүүлж, Италийн хотууд хамгийн хямд кофе болон дарстайгаараа шалгарсан байна.
  • Автомашин хамгийн өндөр үнээр авдаг хотуудыг Сингапур, Копенхаген тэргүүлж, Тель Авив, Истанбул, Абу Даби удаалжээ.
  • Хонконг, Цюрих, Амстердам, Женев, Копенхагенд бензин түлшний үнэ хамгийн өндөр байна.
  • Интернэт дата хамгийн өндөр үнэтэй байдаг хотууд Ойрх Дорнод болон АНУ-ын хотууд юм байна.

 

Эх сурвалж: dbresearch.com