Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шоронд өчигдөр есөн хүний амийг хөнөөсөн алуурчныг цаазалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Японы эрх баригчид есөн хүний амийг зэрлэгээр хөнөөсөн алуурчныг цаазалжээ.

“Твиттерийн алуурчин” гэж тус улсын хэвлэлүүдийн нэрлэсэн энэ этгээдийн хохирогчдын найм нь эмэгтэйчүүд байсан юм.

Хохирогчдоо Твиттер нийгмийн сүлжээгээр олдог байснаас ингэж нэрлэх болсон байна.

Япон улс гурван жил орчим хугацаанд завсарласныхаа дараа цаазын ял гүйцэтгэсэн нь энэ ажээ.

Токио хотын шоронд өчигдөр дүүжлүүлсэн 34 настай Такахиро Ширайши нь 2020 онд шүүхээс цаазын ял сонсож байсан юм.

Твиттерт амиа хорлох талаар бичиж байсан 23 настай эмэгтэй сураггүй алга болсныг цагдаа нар мөрдөх явцдаа 2017 оны аравдугаар сард Ширайшигийн гэрт нэгжлэг явуулж байжээ.

Тэгэхэд түүний гэрээс хүмүүсийн толгой, махыг нь салгасан яс зэргийг хадгалсан гурван хөргөгч хайрцаг, таван чингэлэг олдсон байна.

Хохирогчид нь 15-26 настай байсныг NHK, TV Asahi сувгууд шүүхийн баримтаас эш татан мэдээлж байв.

Амиа хорлох хүслээ сошиал сүлжээнд илэрхийлсэн хүмүүстэй Ширайши холбогддог байжээ.

Ингэхдээ тэр “цаазлагч” гэсэн утгатай нэрээр тэдэнтэй харилцаж, амиа хорлоход нь туслах санал тавьж, Канагава мужийн Зама хот дахь гэртээ урьдаг байсан байна.

Шүүх хурал дээр Ширайши бэлгийн дур хүслээ хангахын тулд бусдын амийг хөнөөдөг байснаа мэдүүлжээ.

2020 оны арванхоёрдугаар сард шүүх түүнд есөн хүний амийг хөнөөж, хүчиндэж, мөчилж, цогцсын хэсгүүдийг гэртээ хадгалж байсных нь төлөө цаазын ял оноож байв.

Ширайшигийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэж байсан ч сүүлд өөрийнх нь хүсэлтээр буцааж байжээ.

“Бэлгийн болон санхүүгийн таашаал гэх мэт хувиа хичээсэн сэдэлд хөтлөгдсөн энэ хэргийн улмаас хоёр сарын хугацаанд есөн хүн амиа алдсан нь нийгмийг цочроож, түгшээсэн ноцтой хэрэг юм” гэж Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Японы хууль зүйн сайд Кэйсүке Сүзүки хэлсэн байна.

Япон улсад хамгийн сүүлд 2022 оны долдугаар сард цаазын ял гүйцэтгэж байжээ.

Тус улсад цаазын ялыг дүүжлэх замаар гүйцэтгэдэг бөгөөд хэзээ цаазлахыг олон нийтэд огт зарладаггүй. Зөвхөн гүйцэтгэснийх нь дараа ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь мэдээлдэг юм.

“Шүүхийн маш нарийн үйл явцын дараа цаазын ялыг эцэслэн шийдвэрлэсэн. Бүх хүчин зүйлийг тал талаас нь сайтар бодсоны эцэст би цаазын тушаалд гарын үсэг зурсан” гэж сайд Сүзүки мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN