Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Лос-Анжелес хот дахь Холливүүдийн жүжигчин Брэд Питтийн гэрт хулгай оржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн алдартай жүжигчдийн нэг Брэд Питтийн гэрт хулгай оржээ. Лос-Анжелес хотын цагдаагийн газар тус хотын Лос Фэлиз дүүргийн нэг барилгын урд талын цонхоор гурван этгээд орж, эд зүйл хулгайлаад зугтсан хэргийг шалгаж байгаагаа мэдээлсэн юм.

Лхагва гарагийн орой гарсан энэ хэргийн хохирогч хэн болохыг цагдаа нар мэдээлээгүй ч байрлал нь Питтийн 2023 онд худалдаж авсан амины орон сууцны хаягтай таарч байжээ.

Хэрэг гарах үед жүжигчин гэртээ байгаагүй, хулгайд яг юу алдагдсан нь тодорхойгүй байгааг Америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Брэд Питт энэ долоо хоногийн эхээр Их Британид очиж, Баасан гарагт Лондонд нээлтээ хийсэн “F1” шинэ киноныхоо арга хэмжээнүүдэд оролцсон юм.

Ингэхдээ тэр Холливүүдийн өөр нэг од Том Круз, Формула Нэг автомашины уралдаанд долоон удаа түрүүлсэн Люис Хамилтон нартай хамт оролцсон байна.

Гурван том унтлагын өрөөтэй Питтийн үл хөдлөх хөрөнгө алдарт Холливүүдийн тэмдэг байрладаг Гриффит цэцэрлэгт хүрээлэнгийн яг дэргэд байдаг юм.

Уг барилгыг том хашаа, ногоон байгууламж олны нүднээс нууж байдаг.

Сүүлийн үед Лос-Анжелес хотод Никол Кидман, Кэйт Урбан зэрэг алдартнуудын орон гэрт хулгай орсон хэргүүд дараалан гараад байгаа.

Өнгөрсөн сард нэг эр Питтийн хуучин эхнэр Женифер Анистоны гэрийн хаалгыг автомашинаар мөргөөд баривчлагдаж байв.

 

Эх сурвалж: BBC