Норвегийн угсаа залгамжлагч гүнжийн хүү гурван хүчингийн хэрэг болон бусад хорь гаруй гэмт хэргийн сэжигтэн болсныг тус улсын цагдаагийн байгууллага Баасан гарагт зарлажээ.
Цагдаа нар хэргийг шалгаж дуусаад ялын дүгнэлт гаргуулахаар прокурорын байгууллагад шилжүүлж байгаагаа мэдээлсэн байна.
Сэжигтэн 28 настай Мариус Борг Хёйби нь угсаа залгамжлах гүнж Метте-Маритын хүү бөгөөд түүнийг угсаа залгамжлах хунтайж Хааконтой гэрлэхээс өмнө төрсөн хүүхэд юм.
Өөрөөр хэлбэл тэр Хааконы дагавар хүүхэд.
Хёйби нь өнгөрсөн оны наймдугаар сарын 4-нд найз бүсгүйгээ зодсон хэргээр баривчлагдан шалгагдаж эхэлсэн юм.
Энэ мөрдлөгийн явцад Норвегийн язгууртны гэр бүлийг доргиосон олон гэмт хэрэг нэмж илэрсэн байна.
10 сар үргэлжилсэн мөрдлөгийн үр дүнд Хёйби “бэлгийн харьцаанд орсон нэг, ороогүй хоёр хүчингийн хэрэг” үйлдсэн нь тогтоогдсоныг цагдаагийн газрын төлөөлөгч Андреас Крушевски өчигдөр мэдээлжээ.
Баривчлагдсанаасаа хойш 10 хоногийн дараа хийсэн мэдэгдэлдээ Хёйби “хэрүүл маргааны дараа архи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ халдлага үйлдэж, эд материалын хохирол учруулсан”-ыг хүлээн зөвшөөрч байв.
Тэгвэл удаан үргэлжилсэн мөрдлөгийн үр дүнд түүний бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын бие махбодод халдсан, эд зүйл эвдэн сүйтгэсэн, бусдыг айлган сүрдүүлсэн, цагдаагийн ажилтныг доромжилсон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг олон хэрэг ил болжээ.
“Бид одоогоор хоёр оронтой тооны хэрэг илрүүлснээ баталж чадах ч хэчнээн хүн хохирсон талаар дэлгэрүүлэх боломжгүй байна” гэж Крушевски хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
Ээмэг, шивээс зэргээрээ “муу залуу”-гийн дүр төрхийг илэрхийлдэг Хёйби шалгагдаж эхэлсэн цагаасаа хойш Норвегийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байгаа.
Арваннэгдүгээр сард цагдаа нар түүнийг хэсэг хугацаанд торны цаана суулгасан нь Норвегийн хааны гэр бүлийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй тохиолдол байв.
Суллагдсаныхаа дараа тэр Лондонд нөхөн сэргээх эмчилгээнд явж байжээ.
Хёйби нь түүний ээж болон мөн хар тамхи, хүчирхийллийн хэргээр шийтгүүлж байсан Мортен Борг нарын богино хугацааны романтик харилцааны дундаас төрсөн хүүхэд юм.
Түүнийг дөрвөн настай байхад ээж нь Норвегийн угсаа залгамжлах хунтайжтай гэрлэж, дахин хоёр хүүхэд төрүүлжээ.
Хёйби эх нэгтэй дүү нар болох 21 настай гүнж Ингрид Александра, 19 настай хунтайж Свер Магнус нарын хамт өссөн юм.
Гэхдээ тэднээс ялгаатай нь Хёйби олон нийтийн өмнө албан ёсны үүрэг хүлээдэггүй.
Хэдийгээр ээж нь түүнийг олны нүднээс хол байлгахыг хичээдэг ч хэл ам дагуулсаар ирсэн.
Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр Хёйби нь Осло дахь Албанийн мафи болон Hells Angels байкерын клубийн гишүүд зэрэг үл бүтэх этгээдүүдтэй нэр холбогдож байжээ.
Язгууртны гэр бүлийн бүх юм нь бэлэн зэлэн амьдралд өссөн тэрбээр ямар нэг сургуульд сураагүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй.
Түүний замбараагүй амьдрал Норвегийн хаант засаглалын нэр хүндэд нөлөөлж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсын NRK телевизээс явуулсан санал асуулгад оролцогсдын 45 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд хааны гэр бүлийн нэр хүнд унасныг хүлээн зөвшөөрч байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!