Ерөнхийлөгч Трампын гэр бүлийн Trump Organisation компани АНУ-д үйлдвэрлэсэн ухаалаг гар утастай үүрэн холбооны бизнес эхлүүлж байгаагаа саяхан зарласан билээ.
Гэтэл энэ бизнесийн албан ёсны вэб сайтаас “Made in the USA” гэсэн бүтээгдэхүүний тодорхойлолт ямар нэг тайлбаргүй хасагдсаныг хэвлэлүүд илрүүлжээ.
Тухайлбал зургаадугаар сарын 16-нд танилцуулсан Trump T1 ухаалаг гар утасны танилцуулгаас энэ бичиг Лхагва гарагаас эхлэн алга болсныг сэтгүүлчид ажигласан байна.
Энэ талаар тодруулахад Trump Organisation байгууллагын төлөөлөгч гар утсаа АНУ-д бүрэн үйлдвэрлэх зорилт хэвээр байгааг баталж, “худал сэжиг таамаг” хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгааг шүүмжилжээ.
“Бид энэ оны сүүлээр шинэ гар утсаа худалдаанд гаргах гэж байгаадаа баяртай байна. Тэр хүртэл Trump Mobile үйлчилгээнд шилжихийг хүссэн хүн бүр одоогийн гар утсаа ашиглаж болно” гэж тэр хэлсэн байна.
“Америкт үйлдвэрлэв” тодорхойлолтын оронд “American-Proud Design” (Америкийн бахархалт загвар) гэсэн үгс бүтээгдэхүүний танилцуулгад бий болжээ.
Бас “АНУ-д үйлдвэрлэсэн T1 гар утсыг” урьдчилан захиалахыг урьсан баннераа зүгээр “Шинэ T1 гар утас” болгон зассан байна.
Трампын гэр бүл ийм шинэ бизнес эхлүүлж байгаагаа зарлах үеэс эхлэн мэргэжилтнүүд АНУ-д гар утас үйлдвэрлэх боломжид эргэлзэж буйгаа илэрхийлж байсан юм.
“Тэдэнд ажилладаг туршилтын загвар ч байхгүй. Гайхамшиг тохиолдоогүй л бол ингэх магадлал маш бага” гэж Жон Хопкинсийн нэрэмжит Кэри Бизнесийн Сургуулийн профессор Тинлон Дай тухайн үед хэлж байжээ.
Америкийн үйлдвэрлэх хүчин чадлыг сэргээн хөгжүүлэх мөрөөдөлтэй ерөнхийлөгч Трамп өмнө нь iPhone-оо АНУ-д үйлдвэрлэдэггүй Apple компанийг 25 хувийн импортын татвараар сүрдүүлж байсан.
Apple компанийн хувьд бас хамгийн алдартай бүтээгдэхүүнээ АНУ-д үйлдвэрлэх боломж бараг байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тухайлбал Wedbush Securities компанийн технологийн шинжээч Дэн Айвз үүнийг “хэрэгжих ямар ч боломжгүй үлгэр” хэмээн дүгнэж байлаа.
Трампын дунд хүү Эрик Трамп өнгөрсөн Даваа гарагт нэгэн подкаст ярилцлагад орохдоо “Эцсийн эцэст бүх гар утсыг АНУ-д үйлдвэрлэдэг болно” гэж ярьснаас үзвэл тэд үүндээ итгэлтэй хэвээр байгаа бололтой.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!