Лхагва гарагт АНУ-ын Миссисипи мужийн шоронд 50 орчим жил үхлийн ялтай амьдарч байсан хоригдлыг цаазалжээ.
Энэ долоо хоногт АНУ даяар гүйцэтгэсэн хоёр цаазын ялын нэг нь энэ байсан юм.
79 настай Ричард Жордан 1976 онд Гулфпорт хотын нэг банкны захирлын гэргий Эдвина Мартерын амийг хөнөөсөн хэргээр ийм ял сонсож байжээ.
Тухайн үед усан онгоцны үйлдвэрийн ажилчин байсан Жордан түүнийг гэрээс нь хулгайлж, $25,000-ыг нөхрөөс нь нэхэж байсан гэнэ.
Тэрбээр барьцааны мөнгийг авахаар ирээд баригдаж байжээ.
Жордан эмэгтэйн амийг хөнөөснөө хүлээж, ойд нуусан цогцсыг нь цагдаа нарт зааж өгсөн байна.
Мартерын амийгг тэр буудаж хөнөөсөн байсан юм.
Миссисипи мужийн Парчмэн дахь хорих газарт 18:00 цагт цаазын ажиллагаа эхэлснийг эрх баригчид мэдээлжээ. Жорданы судсанд үхлийн тариа шахсаны дараа 18:16 цагт амьсгал хураасан байна.
Лхагва гарагт түүнд эцсийн үгээ хэлэх боломж олгоход “Юуны өмнө үүнийг хүнлэг аргаар гүйцэтгэхээр болсон бүх хүмүүст би баярласнаа хэлмээр байна. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйя” гэжээ.
Тэр бас өмгөөлөгчид болон эхнэртээ талархал илэрхийлж, тэднээс уучлал хүссэн байна. “Би нөгөө ертөнцөд та нартай уулзах болно” гэж хэлсэн нь Жорданы сүүлчийн үг байжээ.
Тэрбээр Миссисипи мужийн шоронгийн түүхэнд хамгийн олон жил хоригдсон, хамгийн өндөр насандаа цаазлуулсан ялтан болсон байна.
Мягмар гарагт Флорида мужийн шоронд 51 настай Томас Гудинасыг бас үхлийн тариагаар цаазалжээ.
Тэрбээр 1995 онд Орландо хотод Мишел Макгратын амийг хөнөөсөн хэрэгтээ цаазын ял авсан юм.
Шөнө баарнаас гарч явсан Макгратын цогцос маргааш нь олдсоны дараа Гудинасыг баривчилж байжээ.
Энэ он гарснаас хойш Флорида муж нийт долоон цаазын ял гүйцэтгэсэн нь АНУ-ын бусад мужуудаас хамгийн олон болж байна.
Харин Миссисипи мужийн хувьд 2022 оны арванхоёрдугаар сараас хойших анхны гүйцэтгэл нь болжээ.
Энэ онд АНУ даяар нийт 25 цаазын ял гүйцэтгэсний 20-д нь үхлийн тариа, хоёрт нь буудах, гуравт нь азотын хийгээр боомилох арга хэрэглэсэн байна.
Ялтны нүүрэнд тусгай баг зүүлгээд азотын хий шахдаг аргыг НҮБ-ын шинжээчид харгис хэрцгий, хүнлэг бус хэмээн буруушаадаг.
АНУ-ын 50 мужийн 23-д нь цаазын ялыг халсан бол Калифорни, Орегон, Пенсильвани мужуудад түдгэлзүүлсэн байгаа.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цаазын ялыг дэмжигч бөгөөд албан тушаалдаа орсон эхний өдрөө "хамгийн харгис гэмт хэргүүдэд" ийм ял оноодог болж, цар хүрээг нь өргөжүүлэхийг уриалж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!