Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад элсэлтийн шалгалтын үеэр цахилгааны трансформатор дэлбэрсний улмаас 29 сурагч бусдын хөлд гишгэгдэж амиа алдсан эмгэнэлт явдал тохиолдсоныг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлжээ.
Лхагва гарагийн үдээс хойш нийслэл Бангуй хотод 5,300 гаруй сурагч элсэлтийн шалгалтын хоёр дахь өдрөө танхимд сууж байхад уг осол гарсан байна.
Дэлбэрэлтийн улмаас танхимаас гарах гэсэн хүүхдүүд, багш нар хаалгаар шахцалдаж, зарим нь цонхоор үсэрч байжээ.
Бэртэж гэмтсэн хүүхдүүдийг түргэн тусламжийн автомашинаас гадна автомашины ачаа, мотоциклийн суудал дээр тээвэрлэн эмнэлэг рүү зөөж байсныг гэрчүүд мэдээлсэн байна.
Брюссель хотод олон улсын хуралд оролцож буй Төв Африкийн ерөнхийлөгч Фаустин Аршанж Туадера амиа алдсан сурагчдын ар гэрийнхэнд сошиал хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлж, үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлажээ.
Осол гарсан Бартелеми Боганда ахлах сургуулийн байрны гадаа НҮБ-ын энхийг сахиулагчид, цагдаагийн хүч аюулгүй байдлыг хангаж эхэлсэн байна.
Боловсролын сайд Аурелен-Симплис Конгбелет-Зингас “энэ хэргийн нөхцөл байдлыг тодруулах ажлыг яаралтай зохион байгуулах болно” гэж ослын дараа хэлжээ.
Шалгалтыг хэзээ үргэлжлүүлэх хугацааны товыг удахгүй зарлахаа бас мэдэгдсэн байна.
Сөрөг хүчний намуудын эвсэл “сурагчдын аюулгүй байдал, сургуулийн дэд бүтцийг сайжруулах үүргээ биелүүлэхгүй байгаа” эрх баригчдыг шүүмжилжээ.
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс нь дэлхийн хамгийн ядуу улсуудын нэгд тооцогддог бөгөөд 1960 онд Францаас тусгаар тогтносноосоо хойш олон иргэний дайн, төрийн эргэлтийг үзэж байгаа.
Сүүлийн иргэний дайн арав гаруй жилийн өмнө эхэлсэн бөгөөд засгийн газар гол хотуудын аюулгүй байдлыг хангаснаар хүчирхийлэл харьцангуй намжсан юм.
Гэвч алслагдсан бүс нутгуудад босогчид болон засгийн газрын армийн хооронд үе үе мөргөлдөөн гарсаар байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!