Америкийн технологийн салбарын тэрбумтан, хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт жагсдаг Жэф Безос өнөөдөр телевизийн хөтлөгч Лорен Санчес хэмээх эмэгтэйтэй Италийн үзэсгэлэнт хот Венецид хуримаа хийж байна.
Гурван өдөр үргэлжлэх хурим нэлээд хэл амтай болж байгаа бөгөөд Ким Кардашян, Мик Жаггер, Леонардо ди Каприо зэрэг алдартнуудаас бүрдсэн 200 орчим зочин өчигдөр Венец хотод иржээ.
Безос нь онлайн худалдааны аварга компани Амазоныг үүсгэн байгуулсан, сансрын технологийн салбарт ихээхэн хөрөнгө оруулсан гэдгээрээ дэлхийд танигдсан хүн.
Харин сүйт бүсгүй Санчесын талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй.
Мексик гаралтай цагаачийн гурав дахь үеийн төлөөлөл тэрбээр 1969 онд Нью Мексикод мэндэлж, Калифорнид өссөн хүн юм.
2017 онд “The Hollywood Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Санчес өөрийгөө ядуу зүдүү нөхцөлд хүн болсноо дурсаж байжээ.
“Бид хоосноос амьдралаа эхэлсэн. Эмээгээ айлын гэр цэвэрлэж байхад би автомашиных нь арын суудалд унтаж байдаг байсан” гэж тэр ярьсан юм.
Залуудаа Санчес нисэх онгоцны бүхээгийн ажилтан болохоор шалгуулсан ч илүүдэл жинтэй гэсэн шалтгаанаар тэнцээгүй байна.
“Би тэр үед 55 кг жинтэй байсан. Гэтэл тэд 52 кг байх ёстой гэсэн” гэж тэр “The Wall Street Journal” сонинд ярьж байжээ.
Үүнийхээ дараа тэр Өмнөд Калифорнийн Их сургуулийг сэтгүүлзүйн мэргэжлээр дүүргээд 1994 оноос өргөн нэвтрүүлгийн салбарт ажиллаж эхэлсэн байна.
Санчес эхэндээ хэд хэдэн орон нутгийн сувагт ажиллаж байгаад сүүлд Fox Sports Net, Extra, Good Day LA зэрэг томоохон байгууллагуудад ажиллах болжээ.
1990-ээд оны сүүлээр Америкийн телевизийн салбарт танигдаж, 1999 онд уран бүтээлээрээ Эммийн шагнал хүртсэн байна.
2003 онд “Open Your Eyes” сэтгүүлийн нүүрэнд “Америкийн хамгийн халуухан мэдээний хөтлөгч” гарчигтай хөргөө хэвлүүлж байжээ.
Улмаар 40 насандаа Санчес мэргэжлээ сольж, нисдэг тэрэгний нисгэгч болж байв.
Энэ нь түүний аав нислэгийн сургагч байсантай холбоотой гэдэг. 2016 онд тэр “Black Ops Aviation” компаниа байгуулж, агаарын зураг авалтын компани эзэмшдэг анхны эмэгтэй болж байжээ.
Тус компани Netflix, Amazon зэрэг компаниудад туслан гүйцэтгэгчээр, найруулагч Кристофер Ноланы “Dunkirk” кинонд зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Энэ оны эхээр Безосын “Blue Origin” компанийн New Shepard хөлгөөр түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт нисэхэд Санчес багтаж байв.
“Бидэнд байгаа цорын ганц гарагаа хамгаалцгаая” гэж тэр газардсаныхаа дараа хэлж байжээ.
Санчес гурван хүүхэдтэй. 2001 онд тэр NFL-ийн тоглогч асан Тони Гонсалесын хүүг төрүүлсэн бол сүүлд Холливүүдийн агент Патрик Уитселтэй гэрлэхдээ хоёр хүүхэдтэй болж байжээ.
“Black Ops Aviation” компани нь “Blue Origin” компанийн пуужингийн нислэгийн зургийг авах үеэр тэр Безостой танилцсан гэдэг.
2019 оны нэгдүгээр сард Безос анхны гэргий Маккензи Скоттоос салсны дараа Санчес тэр хоёрын дотно харилцааны талаар цуурхал тарж эхэлсэн юм.
Безос гэр бүлээ салгаж байгааг зарласнаас хойш хэдхэн сарын дараа Санчес бас нөхрөөсөө салсан байна.
2023 онд тэд сүй тавьснаа зарлахдаа Италийн эрэгт Безосын тансаг хөлөг онгоц дээр оддын хамт баяраа тэмдэглэж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!